Өнөөдөр Украины Дотоод хэргийн яамныхны зорчиж байсан онцгой байдлын нисдэг тэрэг Киев мужийн Бровары хотод хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо унаж осолдсоны улмаас 18 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байгаа юм. Түүнчлэн энэ ослоор Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский болон түүний нэгдүгээр орлогч Евгений Енин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович нар амь эрсэджээ.
Албаныхны мэдээлж байгаагаар нисдэг тэргэнд нийт есөн хүн зорчиж байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн 29 хүний арав нь хүүхэд юм байна. Нисдэг тэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 08:20 цагт цэцэрлэг мөргөж орон сууцны ойролцоо унасныхаа дараа хүчтэй дэлбэрчээ. Яг одоо албаныхан ослын газарт ажиллаж байна.
Францаас нийлүүлсэн DSNS ES-225 Super Puma нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхойгүй байна. Цаг агаарын таагүй байдал болон техникийн саатал, аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн эсвэл хорлон сүйтгэх ажиллагаанаас болж онгоц сүйрсэн байж болзошгүй гэсэн таамгуудыг албаныхан дэвшүүлж байгаа аж. Осол болох үед манан ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ.



