
Netflix болон Apple+ стримингийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд Холливүүдийн алдарт жүжигчин Уилл Смитийг Оскарын наадамд гаргасан үйлдлийнх нь төлөө хамтран ажиллахаас татгалзсан байна. Энэ талаар The Sun сонин мэдээлжээ.
Уилл Смитийн намтар болох “Will” номд үндэслэн кино хийхээр төлөвлөж байсан ч “Уиллтэй ажиллах нь эрсдэл дагуулах тул Майк Эппс, Майкл Бакари Жордан зэрэг гэр бүлд ээлтэй жүжигчидтэй хамтран ажиллах болно” гэж The Sun эх сурвалжийн үгийг эш татан бичсэн байна.
Мөн өмнө нь Sony “Bad boys 4” киноныхоо ажлыг цуцалж, Netflix Смитийн тоглох ёстой байсан “Fast and loose” гэмт хэргийн кино бүтээхээс татгалзсан тухай мэдээлж байв.
Оскарын шууд нэвтрүүлгийн үеэр жүжигчин Крис Рок Жада Пинкетт Смитийн талаар хошигносны хариуд Уилл Смит Рокийг алгадсан. Энэ явдлаас хэдхэн минутын дараа тэрээр “Хаан Ричард” киноны шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, Крис Рокоос уучлалт гуйсан билээ.
Удалгүй тэрээр Америкийн кино урлагийн академийн гишүүнчлэлээс сайн дураараа огцорсон юм.
Эх сурвалж: NY Post