АНУ-д банкны нэрийн өмнөөс хүмүүст сэрэмжлүүлэг илгээдэг санхүүгийн луйврын хэрэг эрс нэмэгджээ

2023-06-12 333 2

Банкнууд харилцагчдадаа сэжигтэй гүйлгээний талаар анхааруулсан мессэж илгээдэг.

Тэгвэл энэ мессэжийг банкны өмнөөс явуулах замаар иргэдийн данснаас мөнгө хулгайлах хэрэг эрс нэмэгдсэн тухай АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

FTC (Federal Trade Commission) байгууллагын Пүрэв гарагт гаргасан тайланд өгүүлснээр 2022 онд луйварчид ийм аргаар иргэдээс хулгайлсан мөнгөний хэмжээ $330 саяд хүрсэн байна.

Энэ нь 2021 оны ижил аргаар хулгайлсан мөнгөний хэмжээнээс хоёр дахин өндөр ажээ.

Жишээлбэл харилцагчийн гар утсанд “Wells Fargo банкны сэрэмжлүүлэг: Та Walmart дэлгүүрээс $1,000-ын бараа худалдан авсан уу? Тийм, эсвэл үгүй гэж баталгаажуулна уу” гэсэн утгатай мессэж илгээдэг байна.

Үүнд ихэнх хүмүүс яаран хариулдаг бөгөөд ингэснээрээ луйврын хохирогч болдог гэнэ.

FTC байгууллагаас энэ тохиолдолд яаран хариулахгүй байх, эхлээд өөрийн данснаас гүйлгээ гарсан эсэхийг шалгаад шаардлагатай бол банкны харилцагчийн төвтэй шууд холбогдохыг зөвлөжээ.

Ирсэн мессэжид шууд хариу үйлдэл үзүүлснээр луйварчдын тавьсан урхинд ордог юм байна. Тухайлбал мессэжээр ирсэн утас руу залгахад банкны өмнөөс холбогдсон луйварчид дансыг нь шалгах нэрээр нууц мэдээллийг хэлүүлж авдаг ажээ.

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

`