Дарханы ТӨМӨРЛӨГ ба хоноцын сэтгэлээр хандсан ХУВЬЧЛАЛ

2022-04-18 625 0

Аливаа зүйлд өөриймсөг бус хандсан, сэтгэл гаргаагүй үйлдлийг ийнхүү айлд хоног төөрүүлж буй хүний хандлагатай зүйрлэн хэлсэн хэрэг.

Тэгвэл бас нэгэн хувьчлалаар авсан компанидаа “Кью Эс Си” компани хоноцын сэтгэл гаргасан учраас төрд нь буцаан авах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар гаргасан байна.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 2014 анх тус компани концессын гэрээгээр хувьчилж авсан байдаг. Ингэхдээ дэлхийн стандартыг хангасан гангын үйлдвэр барих амлалт өгсөн юм билээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл үйлдвэрийн суурь ч алга. Барилгын гол бүтээгдэхүүн болох арматурын дотоодын хэрэгцээний чамгүй хувийг хангаж байсан тус үйлдвэр өнөөдөр амьтай голтой үлдсэн гэдгийг албаныхан онцолсон байна. Мэдээж концессын гэрээгээр 30 жил хувьчилж авна гэдэг нь тэр чигээрээ хувийнх болчихно гэсэн үг биш. Энэ хугацаанд үйлдвэрийг ашигтай ажиллуулж, тодорхой амласан бүтээн байгуулалтуудаа хийж, түүнээсээ хөрөнгө оруулагчид ашиг хүртэх учиртай байсан. Харамсалтай нь, “Сахал” Эрдэнэбилэгийн хамааралтай гэгддэг тус компанийнхан өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн нутагт байх Төмөртэй уурхайн төмрийн хүдрийг өдөр, шөнөгүй гадагш нь зөөхөөс өөрийг хийсэнгүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албаны эх сурвалж “Төмөрлөгийн үйлдвэр дээрх баримтын шалгалт, өмчийн тооллогын захаас нь сөхөхөд, “Кью Эс Си” компани нь Төмөрлөгийн үйлдвэрээс улирал бүр менежментийн төлбөр гэж 2.500.000$ (жилд 10.000.000$) авдаг. Энэ цаасан дээрхи компани нь төмөрлөгийн үйлдвэрт техник түрээслэдэг. Техникийн түрээс сарын 1.7 тэрбум. Түрээсийн зардалд 2020 онд л гэхэд 31.1 тэрбум төгрөг төлсөн. Том орлогууд үйлдвэрийн дансанд биш шууд “Кью Эс Си” компанийн дансанд ордог. Автомашинуудаас эхлээд барьцаалж болох хөрөнгүүд нөгөө л Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байна. Хогийн цэгний газар хүртэл банкных нь барьцаанд. Ийм юм байж болдог юм уу гэмээр юмнууд л байна…Эд нар юу ч биш. Бүр ноцтой юмнууд ч байна. “Хөтөл цемент шохой” ХК-тай яг адилхан схем. Худалдаа хөгжлийн банк зүгээр л дээрмийн зэвсэг юм байна” гэх мэдээллийг мөн олон нийтэд дэлгэжээ.

“Хөтөлийн цемент шохой” компанийг төрд хураан авах шийдвэртэй зэрэгцэн төмөрлөгийн үйлдвэрийн бичиг баримтуудыг АТГ-аас шалгаж байгааг бид өмнө нь мэдээлж байсан. Харин алдаагаа ухаарч, засаж залруулах гэсэнгүй. Төрд авах шийдвэр гарахаас өмнө амжиж үйлдвэрт бэлэн байсан 3000 гаруй тонн арматур, төмөр замын бетон дэрийг хуу хаман зөөлгөж байхад нь нэгэн ажилчин үйлдвэрлэлийн осолд орсныг эх сурвалж хэлж байсан.

Харин өнгөрсөн хугацаанд Төмөртэйн уурхайн нийт таван сая гаруй тонн төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөж нийт 1.8 их наяд төгрөгийн орлого олсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан ч хэлсэн байна лээ. Өөрсдийн хөрөнгөөр босгосон төмөр замаа төрд үнийг нь хэд дахин нугалж 90 сая ам.доллараар зарсан гэдэг нь ч тодорхой болсон. Тэгэхээр тэд ашигтай ажилласан ч гэсэн ашгаасаа Монгол Улсад, үйлдвэрийн ажилчдад өчүүхнийг ч хүртээсэнгүй.

Мэдээж үүн дээр нь нэмээд Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй, чанаргүй зээлдэгч болсон бараан түүх ч бий. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хийгээд Хөтөлийн цемент шохой үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь зэргийг хувьчлан авсан дээрх бүлэглэлтэй хамаатайг Шадар сайд ч мэдэгдэлдээ хатуухан хэлсэн байна лээ.

Мөн Монголын ипотекийн корпароц нэрийн дор байр авсан энгийн иргэдийн халааснаас 2-3 хувийг нь тогтмол авч ирсэн залилантай ч хатуухан тэмцэнэ гэдгээ өнөөгийн Засгийн газар дуулгасан байна. Энэ бүхнийг хөөрхий ажилчид нь байсгээд л сануулж, жагсаал цуглаан хийдэг байсан ч тухай бүрд нь аргацаасаар өнөөдрийг хүрчээ. Нэг ёсондоо байсан  байгалийн баялгийг нь зөөж дуусаад, үйлдвэрийг нь ажилгүй зогсоож, Монгол Улсыг хуульгүй, төргүй орон мэтээр бодож явж. Гэсэн хэдий ч энэ улсад төр байгаа, хууль нь үйлчилдэг гэдгийг харуулж ийнхүү төрдөө буцаан авлаа.

Ямар ч төрлийн хувьчлалаар авсан байсан хоноцын сэтгэлээр хандаж болохгүй, баялгийг нь хуу хамчихаад хоосон нүх төр, ард түмэнд буцаан өгч болохгүй гэдгийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан энэхүү шийдвэр санууллаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`