Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдүүдийг зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд ил болоод байна. Тодруулбал, тус цэцэрлэгийн “Бага-А” бүлгийн туслах багш О нь хоёр настай хүүхдүүдийг зодож, заримыг нь хүлж, гар хүрчээ. Зодуулсан хүүхдийн эх, эцэг гомдол гаргаж, цэцэрлэгийн камерын бичлэгийг шүүснээр хэрэг ил боллоо.
Хүүхэдз одсон гэх О багш нь 1970 онд төржээ. Тэрбээр 14 жилийн өмнө цэцэрлэгийн туслах багшийн дамжаанд 45 хоног суралцаж, төгссөн байна. Мэргэжлээрээ гурван сар ажлаад больжээ. Харин 14 жил барилгын засал чимэглэл, туслах ажилтнаар ажиллаж байгаад өнгөрсөн есдүгээр сард 309 дүгээр цэцэрлэгийн туслахаар багшаар ажилд оржээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд зодсон О нь туслах багшаар есөн сар л ажиллаж байгаа гэсэн үг.
Энэ талаар Бага А бүлгийн эцэг, эхчүүдээс өгсөн мэдээллээр “Цэцэрлэгийн туслах багш О нь хүүхдүүдийг ор, хөнжлийн даавуугаар хөдөлгөөнгүй болтол нь ороож, хоёр, гурван цагаар хэвтүүлчихдэг байсан байна. Үүнийг нь ангийн багш Э мэдэж байснаа хэрнээ зогсоогоогүй. Бүүр өөрөө даавуугаар хүлж, ороож байгааг нь бичлэгээр үзлээ. Өнөөдөр 10:00 цагаас хойш бичлэг үзэж, хянаж байна. Хүчирхийлэлд өртөөгүй, багшдаа зодуулаагүй хүүхэд алга. Туслах багш нь байнга нударч, алгадаж, нуруу руу нь цохиж, унтаж байхад нь татаж босгох, орноос унагах, түлхэх зэрэг үйлдэл хийж байж. Үүнээс болоод хүүхдүүд айдастай, багшаасаа зугтаж байгааг бичлэгээр харлаа. Ангийн багш нь Э нь “Эмнэлэгт хэвтсэн хойгуур ийм асуудал гарсан байна” гэж хэлж, өөрийгөө өмөөрч байсан. Гэтэл энэ туслах багштайгаа нийлээд ийм зүйл хийж байжээ. Үнэхээр харамсаж, гомдож, хүүхдүүдийгээ өрөвдөж байна. Эцэг, эхчүүд Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ асуудлыг шалгуулж байна. Нуруун дээр нь чанга цохиж, хацар дээр нь алгадсан хоёр хүүхдийн сэтгэл зүй, биеийн байдал хүнд байгаа. Бид Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандана. Туслах багш 14 жил боловсролын салбарт ажилласан гэдэг нь худлаа. Харин 14 жил барилгачин хийсэн хүн байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Энэ багшийг харахаар хүүхдүүд айж, уйлдаг” гэлээ.


