Өмнөд Солонгосын Улсан хотод ашиглалтаас гарсан дулааны цахилгаан станцыг нураах ажлын үеэр 60 метр өндөр цамхаг нуржээ. Ослын улмаас нэг хүн нас барсан бөгөөд өөр дөрвөн хүнийг нас барсан байж магадгүй гэж таамаглаж байна.
Пүрэв гаригийн үдээс хойш цамхаг нурах үед есөн хүн тухайн газарт ажиллаж байжээ. Нуранги тогтворгүй байдалтай байгаа учраас эрлийн ажиллагааг өнөө өглөө түр зогсоогоод байна.
Эрэн хайх, аврах ажиллагаанд 340 гаруй аврагч, хэдэн арван тээврийн хэрэгсэл дайчлагджээ. Аврагчид үнэрч нохой, дулаан мэдрэгч камер, дуран болон бусад илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтай ажиллаж байна. Осол болсон газарт чулуу, шил битүү байгаа тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Ерөнхийлөгч Ли Жэ Мён аврах ажиллагаанд боломжит бүх хүн хүч, тоног төхөөрөмжийг дайчлахын зэрэгцээ нуранги дор ажиллаж буй аврагчдын аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгов.
Улсан хотын цахилгаан станц 40 жил ажилласны эцэст 2021 онд ашиглалтаас гарчээ. Албаныхны мэдээлж буйгаар, тус байгууламжид бойлерын цамхаг гурав байдгийн нэг нь нурсан аж. Нураалтын бэлтгэл ажлын явцад цамхагийн бэхэлгээ суларсан байсан гэж үзэж байна.


