МАН-аас УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэл нэр дэвшиж байгаа. Дүүрэгтээ хийж бүтээсэн шинэлэг бүтээн байгуулалт, оновчтой менежмент, дахин төлөвлөлтийн ажлаараа басхүү газрын замбараагүй олголтын талаар шулуухан шүүмжлэл хэлчихдэгээр нь иргэд түүнийг таних биз. Харин өөрөө бол “Чингэлтэй дүүргийн Засаг дарга” гэх дөрөвхөн үгээр өөрийгөө тодорхойлчихдог нэгэн. Тэгвэл түүнийг намынхан нь, төрийн чухал албан тушаал хашиж буй эрхмүүд хэрхэн тодорхойлж буйгаар та бүхэнд танилцуулъя.
Л.Оюун-Эрдэнэ: Н.Батсүмбэрэл шиг үгнээс айдаггүй, зарчимдаа хатуу зогсдог лидер Монголын парламентад байх ёстой

/Монгол Улсын Ерөнхий сайд/
– Манай Н.Батсүмбэрэл бол хэний ч өмнө үзэл бодлоо илэрхийлж чадах шударга хүн. Бид хоёр олон жилийн өмнөөс, цөөнгүй хурал цуглаанд сууж, төсөл хөтөлбөрт хамтран ажилласан. Тэр ясны шударга, зарчимч, зоригтой хүн. Мөн бүлэглэлийн эсрэг Сүхбаатарын талбайд тэмцэж байх үед Сүмбээ надад хамгийн ойр байж, тусалж дэмжиж байсан. Сүүлийн дөрвөн жилд Чингэлтэй дүүргийг удирдахдаа чадварлаг, хурдтай байж чадсан. Н.Батсүмбэрэл бол итгэж болох хүн. Монголын улс төрд хэрэгтэй, залуу боловсон хүчин.
Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагаас эхлээд шүүхийн бүхий л шатанд над руу чиглэсэн онь холбосон том буудалтууд явж байсан гэдгийг та бүхэн мартаагүй байх. Энэ үед хатуу зогсдог хүмүүс цөөхөн байдаг. Тэмцлийн төлөө өөрийгөө золиосолж төв талбай дээр гарна гэдэг хэр баргийн аавын хүүгийн шийдэх шийдэл бас биш байдаг. Хүний өөдөөс цэх харж байгаад “Чиний буруу байна” гэж үнэнийг хэлнэ гэдэг бол тухайн хүнд өөрт нь маш том хэмжээний дайсагналыг бас дагуулдаг. Энэ ч агуулгаараа би Монгол Улсын парламентад Н.Батсүмбэрэл шиг үгнээс айдаггүй, өөрийнхөө зарчимд хатуу байдаг, авлигад чин сэтгэлээсээ дургүй, иргэдийнхээ амьдралыг мэддэг дүүргийн даргын төлөөлөл болсон лидер зайлшгүй байх ёстой гэж үзэж энэ дэвшүүлэлтийг хийсэн. Шударга ёсныхоо тэмцлийг үргэлжлүүлэх 30 жилд хүч нэмж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Тиймээс Н.Батсүмбэрэлдээ амжилт хүсэж, хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлье. Өөрийнхөөрөө байж үлдээрэй.
Н.Учрал: Ямар ч ажилд хариуцлагатай, шуурхай ханддаг нь Чингэлтэйд хийсэн ажлаас нь харагдаж байна

/Цахим харилцаа холбоо хөгжлийн сайд/
– Төсөв мөнгийг орон нутагт нь зөв хуваарилах ажлыг хурдан шуурхай зохион байгуулж Чингэлтэй дүүргийнхээ ажлыг нэр төртэй авч яваа Засаг дарга бол Н.Батсүмбэрэл. Н.Батсүмбэрэл олон нийтийн ажилд туршлагатай. Бид оюутан ахуй наснаасаа нөхөрлөж, оюутны болон залуучуудын байгууллагаас өнөөдрийг хүртэл мөр зэрэгцэж ажилласан. Ямар ч цаг хугацаанд манай Н.Батсүмбэрэл зарчмаасаа ухарч байгаагүй. Ажилдаа маш хариуцлагатай ханддаг. УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигчдийн уриа бол “Илүү хурдан”. Илүү Хурдан гэдэг урианд хамгийн тохирох нэр дэвшигч бол манай Н.Батсүмбэрэл. Би өмнө нь ч хэлж байсан. Манай Н.Батсүмбэрэл дарга шуурхай хүн гэж. Түүн шигээ ямар ч ажилд хурдан шуурхай шаламгай ажилладаг нь өнөөдөр дүүргийн ажлуудаас харагдаж байгаа юм.
Тийм учраас Чингэлтэй дүүрэгт хийгдсэн олон ажлуудын сайн туршлагыг Сүхбаатар дүүргийнхэнд ярьж байна. Чингэлтэй шиг 100 хувь камертай дүүрэг алга. Чингэлтэйнх шиг спорт цогцолбор, соёлын ордонтой, гэр хорооллын зам талбайгаа сайн тохижуулсан гэрэлтүүлгээ шийдсэн дүүрэг алга. Чингэлтэй шиг дахин төлөвлөлт хийгдэж, бүтээн байгуулалт өрнөж байгаа дүүрэг төдийлөн байхгүй байна. Сайн бүхний жишиг нь Чингэлтэй дүүрэг гэж сүхбаатарчууддаа ярьж яваа. Яах аргагүй бүтээн байгуулалтын ялгаа байна. Цаашдаа энэ хоёр дүүргийг зургаан хүн төлөөлнө. Зургаан УИХ-ын гишүүн төлөөлөхөөр нэг нэгтэйгээ хамтарч ажиллаад үр дүн гаргана гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
Х.Нямбаатар: Н.Батсүмбэрэл дүүргээ мэднэ

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/
– Оюутны холбоо, нам улс төрийн байгууллага, дүүрэг орон нутгийн байгууллага, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч гээд олон ажил хийхэд нь би хажууд нь хамт явсан. Манай Н.Батсүмбэрэлд нэг л чанар байгаа. Юманд тууштай. Энэ хүн дүүргээ мэднэ. УИХ-д нийслэлчүүд дүүргээ мэддэг тууштай, туйлбартай төлөөлөлтэй байгаасай гэж хүсэж байна. Манай Н.Батсүмбэрэл Баянхонгорын уугуул.
2004 онд би их, дээд сургуульд багшилдаг байсан. Тухайн үед Н.Батсүмбэрэл Монголын оюутны холбоонд байлаа. Бид хамтдаа оюутан залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг байв. Тэр цагаас хойш 20 жил болсон байна. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрчээ. Энэ хооронд тэр бүх шатаар нь явсан. Энэ сонгуулийн хугацаанд түүнийг ганц л үгээр тодорхойлно. Дүүргээ мэддэг хүн. Дүүргээ мэддэг хүн парламентад байх хэрэгтэй.

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Цахим сайд” гэгддэг ЦХХХ-ны сайд Н.Учрал, туршлагатай дипломатч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Боловсролын зээлийн сангийн шүгэл үлээгч, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал, “Жи Мобайл” компанийн ТУЗ-ийн дарга, цэнхэр скүүтерийг нийслэлчүүдийн хэрэгцээнд нэвтрүүлэгч Г.Дашням нарын хамт МАН-аас нэр дэвшиж байгаа юм.


