У.Хүрэлсүх: Бид хэдий болтол давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ

2022-05-13 426 0

Өнөөдөр /2022.05.13/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. 

Тэрбээр, “Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна.

Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна.

Аль юм болгон, давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ?

Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч миний бие УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна.

Хүнээ хамгаалах, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна.

Монгол хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна. Тийм учраас эрүүл хүнсээр хүн амийг жигд хангах нь чухал асуудал. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний хомстол, цар тахал зэргээс үүдэн хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал боллоо.

Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Цар тахал нүүрлэснээс үүдэн хил гаадийн хориг тавигдсанаас хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болон хувирч байна. Энэ нь цаашид улс орны тогтвортой хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

Өнөөдөр бордооны үнэ түүхэн дээд үнэд хүрээд байна.

Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ огцом өсөж, бага орлогтой иргэдийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэллээ. Дэлхийн зах зээл дээр хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ 43 хувиар, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 23 хувиар өссөн байна. НҮБ-ын судлагаагаар 123 сая хүн хүнсний хомсдолд орсон байна.

Энэ нөхцөл байдал цаашид ч үргэлжлэхийг судалгааны байгууллагууд анхааруулсаар байна” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`