Москва хотын иргэдийн хурлын төлөөлөгч Украины дайныг шүүмжилсэн хэргээр долоон жилийн хорих ял сонслоо

2022-07-09 410 0

Өчигдөр Москва хотын шүүх Украины дайныг шүүмжилсэн хэргээр сөрөг хүчнээс сонгогдсон тус хотын иргэдийн хурлын төлөөлөгчид долоон жилийн хорих ял оноожээ.

Украины дайныг шүүмжлэхийг хориглосон шинэ хуулиар шийтгүүлсэн анхны хүн нь Москва хотын Красносельский дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Алексей Горинов болж байна.

Тэрбээр Оросын зэвсэгт хүчний талаар “санаатай худал мэдээ тараасан” хэргээр дөрөвдүгээр сард баривчлагдаж байжээ.

Горинов Украинд хүүхдүүд үхэж байхад хүүхдийн гар зураг, бүжгийн наадам зохион байгуулах гэсэн дүүргийн удирдлагын төлөвлөгөөг эсэргүүцсэн тул ийнхүү шийтгүүлэхэд хүрсэн байна.

“Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргаж, дайныг зогсоохын төлөө иргэний нийгмийн байгууллагууд бүх хүчээ дайчлах ёстой гэж би үзэж байна” гэж Горинов тухайн үед ярьж байжээ.

Гориновын дараа ийм хэргээр шийтгүүлэх олон хүний шүүх хурал хүлээгдэж байгаа юм.

“Энэ бол олон нийтийн дуу хоолойг дарах зорилготой улс төржсөн шийдвэр гэдэг нь тодорхой байна” гэж хүний эрхийн Human Right Watch байгууллагын Европ, Төв Азийг хариуцсан захирал Таня Локшина мэдэгджээ.

Шинэ хуулийн дагуу ОХУ даяар 50 хүн урт хугацаагаар шоронд хоригдох болон өндөр мөнгөн торгууль хүлээхээр болоод байгааг тус байгууллага мэдээлсэн байна. Үүнээс гадна 2,000 орчим хүн дайныг шүүмжилсэн хэргээр бага хэмжээний шийтгэл хүлээжээ.

Баасан гарагт болсон шүүх хурлын үеэр Горинов байр сууриа хамгаалсан хэвээр байсан юм.

Тэрбээр өөрийнх нь үг хэлэх эрх чөлөө үндсэн хуулиар хамгаалагдсаныг шүүгчдэд тайлбарлаж, “та нарт энэ дайн ямар хэрэгтэй юм бэ” гэсэн агуулгатай бичиг бүхий цаас барьж зогсжээ.

“Дайныг та нар юу ч гэж нэрлэсэн энэ бол хамгийн бохир, бузар булай зүйл. Орос улсын дайн хийх хэмжээ хязгаар 20 дугаар зуунд дууссан гэж би бодож байлаа. Гэвч бидний өнөөдөр барьж буй бэлэг Буча, Ирпин, Хостомел болоод байна. Эдгээр нэрс та нарт юм бодогдуулахгүй байна уу? Тэнд юу болсныг та нар сонирхоорой. Дараа нь мэдэхгүй гэж битгий хэлээрэй” гэж Горинов шүүгчдэд хандаж хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`