
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.