Сүүлийн үед зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй болоод байгаа Венесуэл, Гайана хоёр улсын ерөнхийлөгч нар Пүрэв гарагт уулзахаар болжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Гайаны ерөнхийлөгч Мохамед Ирфаан Али нарын уулзалтыг Карибын тэнгисийн бяцхан арал улс Сэйнт Винсент ба Гренадин зохион байгуулахаар болсон байна.
“Ерөнхийлөгч нар Сэйнт Винсент ба Гренадин улсын нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 14-ний Пүрэв гарагт Гайана, Венесуэлийн хилийн маргаантай холбоотой асуудлаар CELAC (Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг), CARICOM (Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг)-ийн ивээл дор уулзана” гэж зохион байгуулагч улсын засгийн газар өчигдөр мэдэгджээ.
Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Венесуэлийн засгийн газар иргэдийнхээ дунд Гайаны газар нутгийн зарим хэсгийг өөрт нэгтгэх асуудлаар санал хураалт зохион байгуулсан юм. Санал хураалтад оролцогсдын 95 хувь нь Гайаны Эссекиба нутгийг Венесуэл улсын бүрэлдэхүүнд нэгтгэхийг дэмжсэн байна.
Үүнээс хойш гурав хоногийн дараа Венесуэлийн парламент Гайана-Эссекиба нэртэй муж байгуулах хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжсэн юм.
Ингэснээр Гайана улсын газар нутгийн гуравны хоёр орчим хувь Венесуэлийн 24 дэх муж болох эрх зүйн орчин бүрджээ.
Гайана улсын 160,000 км.кв талбайтай Эссекиба голын баруун эрэг зуу гаруй жилийн турш хоёр улсын дунд маргаантай газар нутаг байсан юм.
2015 онд ExxonMobil компани энэ нутгаас газрын тосны томоохон орд илрүүлсэн нь газар нутгийн маргааныг улам эрчимжүүлжээ.
Венесуэл улс 1811 онд Испанийн колоничлолоос гарснаасаа хойш Британийн захиргаанд байсан Гайаны нутгийг өөрийн газар нутаг хэмээн маргаж эхэлсэн юм.
1899 онд Парисын арбитрын шүүхийн шийдвэрээр хоёр улсын хилийг одоогийнхоор баталгаажуулсан байна. Гэвч 1961 онд Гайана улс Британийн колоничлолоос гарсны дараа газар нутгийн маргаан дахин сэргэжээ.
Эх сурвалж: ТАСС


