Битлз хамтлагийн сүүлчийн дууг хиймэл оюуны тусламжтай сэргээж чадсанаа Пол Маккартни мэдээлжээ

2023-06-14 288 1

Домогт Битлз хамтлагийн сүүлчийн дууг хиймэл оюуны технологийн тусламжтай сэргээж чадсанаа тус хамтлагийн гишүүдийн нэг Пол Маккартни өчигдөр BBC сувагт ярьжээ.

“Жон Ленноны ноорог бичлэгийг бид сэргээж чадлаа” гэж ирэх долоо хоногт 81 нас хүрэх Маккартни ярьсан байна.

Их Британийн Битлз хамтлагийн гишүүд Леннон, Маккартни, Жорж Харрисон, Ринго Стар нар байв. Тус хамтлаг 1970 онд тарснаар дахин нэгдээгүй юм.

Леннон 1980 онд 40 насандаа Нью-Йорк хотод буудуулж алагдсан бол Харрисон 2001 онд 58 насандаа уушгины хорт хавдраар нас барж байжээ.

Маккартни ямар дууны талаар ярьж байгаагаа тодорхой хэлээгүй ч энэ нь 1978 онд зохиогдсон “Now and Then” байх өндөр магадлалтай байна.

Нийт гурван шинэ дууны ноорог бичлэгийг Леннон нас барахаасаа нэг жилийн өмнө хийлгэж байжээ. Бичлэгийн хуурцгуудыг түүний бэлэвсэн гэргий Йоко Оно 1994 онд Маккартнид өгч байсан байна.

Үүнээс 1995, 1996 онуудад “Free As A Bird”, “Real Love” гэсэн нэртэй хоёр дууг продюсер Жэф Линн сэргээн гаргаж байсан гэдэг.

“Now And Then” дууны бичлэгийн чанар муу байснаас сэргээлт нь амжилтгүй болж байжээ.

Харин өнөөдөр хиймэл оюуны системийн тусламжтайгаар бичлэгээс шуугианыг нь шүүх боломжтой болсон байна.

“Энэ бол хоолой, энэ бол гитар гэж тэд машинд хэлж өгч байсан. Ийм аргаар бид Битлз хамтлагийн сүүлчийн дууг Жон Ленноны үлдээсэн бичлэгээс сэргээж чадлаа” гэж Маккартни ярьжээ.

Шинэ дуу энэ оны сүүлээр сонсогчдод хүрэхэд бэлэн болох гэнэ.

Сүүлийн үед зарим хөгжмийн уран бүтээлчид хиймэл оюуны технологийн аюулд санаа зовж байгаагаа илэрхийлэх болсон. Зарим нь үүний сайн талыг онцолж байгаа.

Маккартни хиймэл оюуны технологийг хөгжимд ашиглах нь нэг талаар аймаар, нөгөө талаар гайхамшигтай байсныг ярьжээ.

“Ямар үр дагаварт хүргэхийг нь хүлээхээс өөр зам бидэнд алга” гэж тэр технологийн шинэ дэвшлийн талаар сэтгэгдлээ хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`