Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Хөвсгөл эрчим” багийн довтлогч, олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил 15 дахь удаагаа “Үндэсний дээд лиг”-т тоглож, арав дахь аваргын цомоо өргөсөн билээ.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд найман удаа тэгш тоглогч, шилдэг довтлогчийн шагнал хүртсэн. Мөн Монгол Улсын шигшээ багт 12 жил тоглосон энэ цаг үеийн онцлох тамирчдын нэг билээ.
-Сайн байна уу. “Үндэсний дээд лиг”-т арав дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчдтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Өнгөрсөн жилийнхээ аваргыг батлах гэж орлоо, санасандаа хүрлээ. Мөн “Шилдэг тоглогч” хэмээх шагнал хүртлээ. Энэ жил зогсолтгүй бэлтгэлээ байсны давуу тал гарч, жигд сайхан тоглолоо. Багийнхандаа болон миний ард үргэлж дэмжиж, арыг минь дааж үлддэг гэр бүлдээ, багш нартаа баярлалаа. Мөн намайг 23 жилийн турш дэмжиж байгаа волейбол сонирхогчдодоо баярлалаа.
–Та спортын гараагаа “Эрчим” багаас эхэлж, хэсэг хугацаанд өөрт багт тоглосон гэдэг байх аа.
-Тийм ээ, “Энагурэ”, “Алтайн барс”, “Дархан Сет” багаас дээд лигт өрсөлдсөн. “Эрчим” баг маань эмэгтэй баггүй байж байгаад 2022 эргэн байгуулагдсан. Ингэхдээ бид хоёр жил дараалан аваргын цом өргөлөө.
-Багийнхныхаа тухай яриа дэлгээч?
-Манай багийн тамирчдын дийлэнх нь олон жил хамтдаа бэлтгэл хийж, гар нийлэн тоглож байсан учир эргэн нэгдээд амжилт гаргахад илүү дөхөм байсан байх. Гэр бүлээсээ олон цагийг багийнхаа дүү нартаа хамт өнгөрүүлжээ. Хэдий хамгийн том эгч нь ч гэлээ дүү нараасаа суралцаж, тэдэнтэйгээ зөвлөлдөөд л явж байна даа.
-Өөрийн багтай болох шинэ тамирчид “төрүүлэх” бодол бий юү?
–Д.Билгүүн дасгалжуулагчтай хамтран сургалт явуулж байгаа. Одоогоор 7-12, 12-16 насны хүүхдүүдэд сургалтаа орж байна. Хүүхдүүд маань өдөр ирэх тусам сайжирч байгаад маш их баяртай байдаг. Намайг тэдний насан дээр байхад эцэг, эхчүүд төдийлөн хүүхдээ сургалтад явуулдаггүй байлаа. Харин одоо өөр болсон байна лээ. “Багш аа, сургалтаа хэдээс вэ. Хүүхдээ явуулмаар байна” гээд л идэвхтэй байдаг. Магадгүй цахим сүлжээнээс холдуулах нэг арга байх. Ер нь багийн спорт хичээллэснээр бусадтайгаа зөв боловсон харьцаж, биеэ дааж, цагийн зохион байгуулалтай болох гээд л их олон давуу талтай шүү дээ. Тиймээс тэднийгээ спортоор төлөвшүүлэх гэж хичээж байгаа. Сайн бэлтгэж байгаад, тэмцээнүүдэд идэхтэй оролцуулна аа. Магадгүй ирээдүй “Дээд лиг”-ийн тамирчид болохыг үгүйсгэхгүй ээ.

-Дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэхээр “зодог” тайлах бэлтгэлээ хийж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Би “Дээд лиг”-ийн тамирчид дундаа ахмаддаа орно. Манай багийн зарим охид надаас арав гаруй дүү шүү дээ. /инээв/ Гэхдээ тамирчин хүн ур чадвар, биеийн чийрэг байдлаа хадгалж чадвал хэдэн нас хүртлээ ч тоглох боломжтой. Би хувьдаа өөрийн чадах хэмжээгээ тултал тоглоно оо гэж боддог оо. Тамирчин байхынхаа хажуугаар ерөнхий боловсролын тусгай 70 дугаар сургуульд хөдөлгөөн засалч, чийрэгжүүлэлтийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөн байгууллагын тэмцээнд дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Волейболын спортоор хичээллэж эхэлсэн анхны жилдээ “Эрчим” багийнхаа эгч нартай хамт “Дээд лиг”-ийн аваргын цомоо өргөж байсан.
-Байнгын бэлтгэл, ажлын хажуугаар хувийн амьдрал орхигдох үе тамирчдад байдаг байх. Таны хувьд?
-Би айлын баг охин, нэг эгчтэй. Хүүхэд байхаас л гэр бүл минь арыг минь бат дааж, юунд ч санаа зовуулахгүй бэлтгэлийг минь хийлгэдэг байсан. Одоо хань миний хувийн сэтгэл зүйч, дасгалжуулагч болсон байна даа. Бэлтгэл, тэмцээн гээд л ийш тийш явах үе их бий. Тэр бүрд хоёр хүүхэд, гэрийн ажилдаа санаа зовох шаардлага гардаггүй. Миний тоглолтыг ихэнхдээ ирж үзнэ, амжихгүй үедээ зурагтаар үзнэ. Тэгээд “Өнөөдөр чиний сэтгэл зүй тийм байлаа. Тэр зүйлдээ анхаараарай” гэж зөвлөнө. Мөн “Чи спортын хүн байх тавиланд төрж, талбайд гарахдаа хамгийн жаргалтай байдаг учир үүнийгээ л хий” гэдэг дээ.
-Та волейболын спортоор хичээллээд 20 гаруй жил болсон тамирчны хувьд салбарынхаа хөгжлийн хэр түвшинд байна гэж хардаг вэ?
-Намайг анх эхэлж байх үед тэмцээн бага, тамирчид ч цөөхөн байлаа. Бараг жилдээ хүлээж хүлээж ганц тэмцээнд ордог байсан байх. Одоо харин дүү нар маань бидний үеийг бодвол илүү хурдацтай хөгжлийн үед гарч ирж байгаа. Өндөр тамирчид ч олон болсон байна. Мөн хаанаас ч дэлхийн болон эх орныхоо тамирчдын тоглолтыг үзэж, тэднээс суралцах боломж нь нээлттэй болсон. Ер нь дурдаад байвал маш олон давуу тал ахиц гарсан байна. Монголын волейбол цаашдаа илүү хурдацтай сайжирна байх гэж хардаг даа.
Аав минь намайг ухаан орох цагаас л Спортын төв ордонд болж буй тоглолтуудыг бараг алгасалгүй цуг үздэг байлаа.

-Өнөөдрийн ОУХМ Г.Цэцэгжаргалыг спорт бүтээсэн байх. Хэрэв та спортоор хичээлээ байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
–Аав минь намайг ухаан орох цагаас л Спортын төв ордонд болж буй тоглолтуудыг бараг алгасалгүй цуг үздэг байлаа. Тэр үед аавынхаа гараас хөтөлж явахдаа өөрийгөө “Үндэсний дээд лиг”-ийн арван удаагийн аварга, улсынхаа шигшээ багийн тамирчин болно чинээ төсөөлөөгүй л байсан байх. Тэр үед МУГД Д.Солонго багш маань намайг анзаарч, аавд санал тавьснаар би энэ спортод хөл тавьж байлаа. Багаасаа үзэж өссөн болохоор арай дөхөм байсан байх. Тэгээд багшийнхаа дугуйланд явахын тулд сургуулиа хүртэл сольж байлаа шүү дээ. Волейболоор хичээлэхээсээ өмнө би их даруухан, гэр “амьтай” хүүхэд байлаа. Тэгсэн спортоор хичээллээд гэртээ тогтохгүй бэлтгэлээ хийж, илүү сайжрахын тул шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн.
Волейболын спортоор хичээллэж эхэлсэн анхны жилдээ “Эрчим” багийнхаа эгч нартай хамт “Дээд лиг”-ийн аваргын цомоо өргөж байсан. Тэгж явсаар арван жилээ төгсөөд, Үндэсний биеийн тамирын сургуульд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Өнгөрсөн хугацаанд хэрвээ би спортоор хичээлээгүй бол гэж бодож байгаагүй ээ. Харин спортын хүн болсон доо үргэлж талархаж ирсэн. Спорт намайг хүмүүжүүлж, олон сайхан найз, дүүтэй болгож, ер нь миний амьдралын хамгийн сайхан бүхнийг бий болгосон.
.jpg)
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдрал, спортын замналд хамгийн гэгээн бүхнийг хүсье.
-Баярлалаа.
Сонирхуулахад, энэ жилийн “Дээд лиг”-т 115 тамирчин оролцсоны 112 нь ОУХМ Г.Цэцэгжаргалаас дүү байжээ. Мөн тэрбээр 183 см өндөртэй.
Түүний амжилтуудаас нь дурдвал,
- 2008 оны Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль,
- 2009 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль,
- 2012 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медаль,
- Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тоглогч”,
- “Дээд лиг”-ийн 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2011, 2024 оны аварга
- “Дээд лиг”-ийн 2004, 2010 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
.jpg)
ЭХ СУРВАЛЖ: ERGELT.MN


