Төрөх ёстой хугацаанаасаа эрт мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдийг Гиннесийн номд бүртгэжээ.
Дөрвөн ихэр нярайн амьд үлдэх магадлал ердөө 10 хувь байсан ч тэд өдгөө эсэн мэнд өсөн торниж нэг нас хүрчээ.
Хоёр охин, хоёр хүү буюу Лэйни, Кали, Леннон, Койн нар дэлхийн хамгийн эрт төрсөн, эсэн мэнд торниж буй дөрвөн ихэр нярай болжээ.
Бекка болон Лаварейс Брайант нарын дөрвөн хүүхэд 2024 оны тавдугаар сард Алабамагийн их сургуулийн эмнэлэгт (UAB) жирэмсний 23 долоо хоногтой /5.3 сартай/ байх үедээ мэндэлсэн. Хүний жирэмсний хугацаа дунджаар 39–40 долоо хоног үргэлжилдэг бөгөөд ийм эрт төрсөн нярай хүүхдүүдийн хувьд бүгд амьд үлдэх магадлал ердөө 10 хувь байсан юм.
“Би тэднийг ид шидийн хүүхдүүд гэж дууддаг,” хэмээн 30 настай ээж Бекка Брайант ярьжээ. Хамгийн бага жинтэй нь Лэйни байсан бөгөөд ердөө 570 гр, харин хамгийн хүнд нь Леннон 660 гр жинтэй байв. Тэд эхээс төрөөд эрчимт эмчилгээний тасагт зургаан сар гаруй хугацаанд эмчлүүлжээ.
Хамгийн эрт төрөөд амьд үлдсэн хүүхдийн дэлхийн дээд амжилтыг одоогоор Кёртис Минс эзэмшдэг бөгөөд тэрээр 2020 онд жирэмсний 21 долоо хоног 1 хоногтой (4.9 сартай) мэндэлсэн юм. Тэр ч мөн дээрх эмнэлэгт төржээ. Харин Брайантын хүүхдүүд хамгийн эрт төрсөн дөрвөн ихэр гэсэн ангиллаар дээд амжилтыг эзэмшиж байна.
Тэдэн шиг дөрвөн ихэр байгалийн жамаар тогтдог нь маш ховор бөгөөд 700,000 жирэмслэлт тутмын 1 тохиолдолд л таардаг гэж Брайантын эх барих эмч Аёдежи Сануси тайлбарлажээ.
Ихрүүдийг төрөх үед өрөөнд 30 эмч, сувилагч байжээ. Нярай хүүхдүүдийг “Алтан 7 хоног” хөтөлбөрт хамруулсан ба энэ нь эрт төрсөн хүүхдүүдийн амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой тусгай хөтөлбөр юм. Доктор Трейверсийн хэлснээр, амьд үлдэхэд хамгийн их эрсдэлтэй үе нь эхний 7 хоног байдаг ажээ.
Дөрвөн ихэр дээрээ гурван ах, эгчтэй ба 12 настай Кендалл, 7 настай Лайкин, 3 настай Кайнен нартайгаа хамт амьдарч байна.
Бекка Брайант өөрөө зүрхний эрчимт эмчилгээний тасгийн сувилагч тул хүүхдүүдийнхээ нөхцөл байдалд сайн ойлголттой. Түүний нөхөр, 40 настай Лаварейс цагдаа юм. Тэд ийнхүү нийт 7 хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ.
“Хүмүүс бидэнд “Хэрвээ аль нэг гэр бүл дөрвөн ихэртэй байх ёстой бол та хоёр л чадна” гэж хэлдэг,” хэмээн Бекка инээмсэглэн ярьжээ. “Бид хоёр хоёулаа маш тайван, юмыг хэт сүр болгодоггүй. Зүгээр л хийх ёстой зүйлээ хийдэг. Ажлын онцлогоос болоод бидэнд сандрах зав байдаггүй. Амьдралд аливаа асуудалд зүгээр л хурдан хариу арга хэмжээ авч, урагшлах хэрэгтэй болдог” гэжээ.
Мөн том хүүхдүүд нь дүү нараа харахад тусалдаг ба өдөрт дунджаар 40 живх сольж, хувцсыг нь өдөрт хоёр удаа угаадаг гэжээ. Сонирхуулахад өмнөх дээд амжилтыг 1997 онд төрсөн Тепперийн дөрвөн ихэр эзэмшдэг байжээ.
Эх сурвалж: Today




