Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн эхэн үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх нь хүн төрөлхтний нийтлэг зорилт болоод байгаа. 2015 оны Парисын гэрээгээр НҮБ-ын гишүүн улс орнууд энэ босгыг тогтоосон юм.
Тэгвэл энэхүү босгыг ирэх таван жилийн хугацаанд анх удаа давахаар байгааг эрдэмтэд тооцоолжээ.
Тухайлбал өнөөдрөөс 2027 он хүртэл хугацаанд 1.5 хэмийн босгыг давах магадлалыг 66 хувь гэж тооцоолсон байна.
Үүнд хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт, энэ оны сүүлээр Номхон далайд үүсэх Эль Ниньо гэгддэг цаг уурын үзэгдэл голлон нөлөөлөх гэнэ. Номхон далайн мандал дээр гурван жил тутам тохиолддог Эль Ниньо үзэгдэл дэлхийн цаг уурт хүчтэй нөлөөлдөг юм.
1.5 хэмийн босгыг давсан тохиолдолд дэлхийн дулаарал улам эрчимжиж, агаарын хэт халалт, ой хээрийн түймэр зэрэг байгалийн аюултай үзэгдлүүдийн давтамж нэмэгдэнэ гэж үздэг.
Гэхдээ ирэх таван жилд тохиож болзошгүй температурын өсөлт нь түр зуурынх байх ба үүнийг Парисын гэрээний зорилт бүтэлгүйтсэн гэж үзэж болохгүйг эрдэмтэд бас сануулжээ.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (World Meteorological Organisation) 2020 оноос хойш жил бүр 1.5 хэмийн босгыг давах магадлалыг тооцоолсоор ирсэн юм.
2020 онд ойрын таван жилийн хугацаанд давах магадлалыг 20 хүрэхгүй хувь гэж тооцоолж байв.
Өнгөрсөн онд энэ магадлал 50 хувь болж өссөн бол одоо 66 хувь болж нэмэгдэж байна.
1.5 хэмийн өсөлтийг тооцоолохдоо эрдэмтэд аж үйлдвэржилтийн эхэн үе буюу 1850-аас 1900 он хүртэл хугацааны дэлхийн агаарын дундаж температуртай харьцуулдаг.
2000 он гарснаас хойш дэлхийн дулаарал хурдсаж, 2016 оны байдлаар харьцуулахад Цельсийн 1.28 хэмээр өссөн гэж эрдэмтэд үздэг юм.
Эх сурвалж: BBC


