Г.ЗАНДАНШАТАР: УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд үүнийг ярих ёстой. Би томилогдоогүй, сонгогдоогүй учраас яриагүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Э.Болормаа МАН-ын бага хурлаар АН-г гэрээгээ зөрчсөн гээд хамтарсан Засгийн газраас гаргасан. Шулуухан хэлэхэд сандал, суудал албан тушаалын гомдол явсан. Ийм гомдол цаашид гаргахгүйн тулд та бусад намуудтай хамтрах уу. Та бүхэн үүнийг намын удирдлагын төвшинд ярилцсан уу.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: УИХ-аас гаргасан шийдвэрийг би дүгнэдэг хүн нь биш. УИХ-ын шийдвэрийг Цэцээр өөр газар дүгнэхгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажилласан. Цаашдаа ч гэсэн энэ ажлууд үргэлжлэх ёстой. Хувь хүнийхээ хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан гэж боддог. УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд үүнийг ярих ёстой. Би томилогдоогүй, сонгогдоогүй учраас яриагүй. Хэрвээ УИХ итгэл хүлээлгэж, сонговол УИХ-д суудалтай намуудтай, ярилцах эсэхээ шийднэ. Гэхдээ намууд Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөлд заавал Засгийн газарт орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтрахад бэлэн. Харин эрх ашгийг зөрсөн хэнтэй ч хамтрахгүй.


