Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярих үедээ хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины 184 тамирчин дайнд амь үрэгдсэн гэдгийг танилцуулсан байна.
Хүн төрөлхтний үнэт зүйлсийг үл тоомсорлосон, ихэвчлэн энгийн иргэд амь үрэгдэж байгаа дайнд улс орнууд төвийг сахисан байр суурьтай байж болохгүйг Зеленский энэ үеэр хэлжээ. Түүнчлэн тэрээр Оросын явуулж буй дайнд сүйдсэн Украины спортын дэд бүтцийг сэргээхэд туслахыг Олон улсын олимпийн хорооноос хүссэн байна.
“Оросын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд эргүүлэн оролцуулах аливаа санаа нь харгис түрэмгийлэгчдэд дэлхий нийтээрээ терроризмыг уучилдаг гэсэн ойлголтыг төрүүлэх болно. Хэрэв Олон улсын олимпийн хороо алдаа гаргаж дайн өдөөгч орны тамирчдыг бусад орнуудын тамирчидтай эн тэнцүү спортын арга хэмжээнд оролцохыг зөвшөөрвөл энэ нь ОХУ-д спортыг суртал ухуулгадаа ашиглах боломжийг олгоно” гэж Зеленский анхааруулжээ.


