Украин ээжүүд хүүхдийнхээ нуруун дээр нэр, утасны дугаараа бичиж байна

2022-04-06 746 0

Украин эмэгтэй Александра Маковий хүүхдийнхээ цусны бүлэг, өөрийн болон хамаатныхаа утасны дугаарыг охиныхоо нуруун дээр бичсэн тухай тус улсын телевизийн хөтлөгч Катя Осадчая мэдээлжээ. Ингэснээр ээжид нь ямар нэг зүйл тохиолдож, амиа алдвал, эсвэл хүүхэд нь төөрвөл холбогдож хүүхдээ аврах боломжтой гэж бодсон байна.

Хөтлөгч Осадчая энэ зургийг нийтлэхдээ “Аймшигтай дайн. Бид бараг уйлдаггүй. Бид хүүхдүүддээ ямар нэгэн зүйл биш байгааг харуулах эрхгүй. Гэлээ ч тэд ойлгож байна. Би хүүхдүүддээ дайны тухай өгүүллэгүүд ярьж өгдөг. Хөвгүүд маань битгий хараасай гэж бодоод нууцаар уйлдаг юм.

Энэ Вера охины зураг. Верагийн ээж өөрийгөө амьд гарахгүй байж магадгүй гэж бодоод нуруун дээр нь утасны дугаар, нэрийг нь бичсэн. Бурхан минь, бид яаж тэсэж гарах вэ?” гэжээ.

Энэ тухай  тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський “Украин ээжүүд хүүхдийнхээ нуруун дээр үзгээр нэр, болон хамаатан садны утасны дугаарыг нь бичиж байна. Эзлэн түрэмгийлэгчид эцэг эхийг нь алчихвал энэ хүүхдүүдийг аврах жаахан ч гэсэн боломж байгаа гэдэгт итгээд л тэр шүү дээ” гэжээ.

Тэрээр “Хүмүүс буудалцаан, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө аврахын тулд олон хоног газар доор амьдарч байна. 2022 оны дөрөвдүгээр сар гарчхаад байна шүү дээ. Гэтэл Украинд 1937 оны дөрөвдүгээр сар мэт байна. Энгийн нэгэн хотод 100 мянга гаруй хүн хэдэн долоо хоногийн турш ус, хоол, эм тангүй амьдарч байна гээд төсөөл дөө” гэжээ.

Эх сурвалж: Life.nv

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`