Володимир Зеленський: БНАСАУ-ын 3,000 цэрэг амиа алдсан болон шархадсан

2024-12-25 117 3

Сүүлийн саруудад Умард Солонгосын цэргүүд Орос, Украины дайны талбарт тулалдаж байгаа тухай өрнөдийн орнууд болон Өмнөд Солонгос, Украины эх сурвалжууд мэдээлэх болсон. Эх сурвалжуудын мэдээлснээр Умард Солонгосын цэргүүд энэ сард тулаанд оролцож эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт дайны талбарт Умард Солонгосын цэргүүд амиа алдсан тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа дайны талбарт гэмтэж шархадсан болон амиа алдсан Умард Солонгосын цэргийн тоо хэдэн мянгад хүрсэн гэж Зеленський ярилаа.

Тодруулбал энэ сарын хугацаанд Орос, Украины дайны талбарт Умард Солонгосын 3,000 цэрэг амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Гэхдээ чухам хичнээн цэрэг алагдаж, хичнээн цэрэг шархадсаныг тодорхой хэлээгүй байна. Ямартай ч Курск мужид болж байгаа тулаанд Умард Солонгосын цэргүүд Оросын талд байлдаж байгаа гэж үзээд байгаа юм.

Харин Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан штабын мэдээлснээр Пёньян Орос руу цэргээ илгээж дайнд оролцуулснаас хойш 1,000 гаруй цэрэг амиа алдсан болон шархадсан гэжээ. Мөн л яг хичнээн цэрэг шархдаж, хичнээн нь амь үрэгдсэн тухай Өмнөд Солонгосын армийн эх сурвалж хараахан батлаагүй байна.

Өмнөд Солонгосын штаб Умард Солонгосын цэргүүд өмнө дайны талбарт тулалдаж байгаагүй учраас туршлагагүйтэж олноороо амиа алдаж байна гэжээ. Дайн болж байгаа газрын цаг агаар бусад нөхцөл байдлаас шалтгаалж цаашид ч Умард Солонгосын олон тооны цэрэг үрэгдэж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч тагнуулын байгууллагатай хийсэн уулзалтын дараа мэдээлжээ.

Тиймээс Пёньяны талаас нэмж цэрэг илгээх, байршлыг нь солих зэрэг бэлтгэл хангаж байгаа гэж Өмнөдийн тагнуулууд мэдээлжээ. Мөн цэргийн тоног төхөөрөмж нэмж илгээхээр бэлдэж байна гэжээ. Өрнөдийнхний үзэж байгаагаар Умард Солонгосын арми дайны талбарт 10,000-12,000 цэргээ илгээсэн байна. Пёньян армидаа 1,3 сая цэргийн нөөцтэй гэж үздэг.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`