
Оросын үндсэн нутаг дэвсгэрээс хуурай газар, тэнгисээр тусгаарлагдсан Калининград мужийн нэрийг өөрчлөн хэрэглэх шийдвэрийг Польш улсын засгийн газар гаргажээ.
Балтын тэнгисийн нэг буланд орших энэ газар нутгийг Польш улс уламжлалт нэрээр нь Кролевец гэж нэрлэхээр болсон байна.
Калининград нь Зөвлөлтийн хувьсгалчдын нэг Михаил Калининий нэр юм.
Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө энэ нутаг олон зууны турш Дорнод Пруссийн нэг хэсэг байж, Кёнигсберг гэж нэрлэгддэг байжээ. Энэхүү герман нэрийн польш орчуулга Кролевец юм.
Дайны дараа Кёнигсберг нь Зөвлөлтийн нэг хэсэг болж, нэрээ өөрчилжээ.
Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Балтын тэнгисийн эргийн Литва болон Беларусь улс тусгаар тогтносноор Калининград нь Оросын үндсэн газар нутгаас таслагдсан юм.
Польшийн засгийн газрын гадаад улс орнуудын газарзүйн нэр томьёог тогтоох хороо Мягмар гарагт Калининградыг Кролевец хэмээн нэрлэх шийдвэр гаргажээ.
1940 онд Зөвлөлтийн удирдагчид Польшийн армийн 21,000 гаруй олзны офицерыг Катыний ойд буудан хөнөөж байсан. Шийдвэрийг Зөвлөлтийн улс төрийн товчооны зургаан гишүүн гаргасны нэг нь Михаил Калинин байжээ.
Энэхүү аллагыг үйлдсэн гэм нүглээ Оросын эрх баригчид 1990 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.
Калининградын нэрийг өөрчлөх Польшийн шийдвэрийг Оросын эрх баригчид нэлээд таагүй хүлээж авсан байна.
“Түүхийнхээ турш Польш улс Оросыг үзэн ядах галзуурал руу үе үе халтирдаг байсныг бид мэднэ” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хэлээд шийдвэрийг “дайсагнасан үйлдэл” гэж нэрлэжээ.
Эх сурвалж: BBC