
Оросын жүжигчин Артур Смольянинов “9-р рот” кинонд тоглосныхоо дараа нэрд гарчээ.
Тэрбээр киноны нээлтийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ярилцсан сэтгэгдлээсээ сэтгүүлчтэй хуваалцсан байна.
Смольянинов “Киноны нээлтийн арга хэмжээ дууссаны дараа бид Ерөнхийлөгчтэй нэг цаг орчим ярилцсан. Энэ уулзалт надад хоёр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Нэгдүгээрт, миний анхаарлыг түүний онцгой үнэр татсан. Путинд тусгайлан зориулж үнэртэй ус үйлдвэрлэдэг байх. Түүнээс сэнгэнэх үнэр намайг номхтгож, дуулгавартай болгож буй мэт мэдрэмж төрүүлсэн. Энэ мэдрэмж өөрийн эрхгүй, хаа нэгтэйгээс гэнэт төрсөн. Би өмнө нь хэзээ ч ийм үнэртэй таарч байгаагүй. Түүнд зориулж үнэртэй усыг тусгайлан бүтээдэг байх гэж бодож байна” гэж өгүүлжээ.
Жүжигчинд Путинтай өрнүүлсэн яриа нь мөн гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ.
Артур Смольянинов “Би ганцаараа түүнтэй ярилцах зориг гаргасан байх. Бусад нь дуугүй байхыг илүүд үзэж, над руу түгшсэн харц шидэж байсан. Харин бидний яриа надад үнэхээр сонирхолтой байлаа. Бид Афганистаны тухай ярилцаж, Ерөнхийлөгч Путин АНУ энэ улсаас “хориотой хэрэгсэл”-ийн хууль бус наймаа хийх сонирхолтой байгаа тухай тайлбарлаж байсан. Тэр ярьж буй зүйлдээ туйлын итгэлтэй байсан. Тухайн үед тэр надад сэтгэл татам уран илтгэгчийн мэдрэмж төрүүлсэн. Тэр бусдад нөлөөлөх, бусдыг удирдах арга техникийг сайн мэддэг, үүнийгээ ч чадамгай ашигладаг мэт санагдсан. Харин арга хэмжээнээс гараад явж байхдаа бидний ярианаас нэг ч үг санаж чадахгүй байсан. Бидний ярианд ямар ч сэдэв, чиглэл байгаагүй мэт санагдсан. Эхэн үед бүх дурсамж мананд замхарсан мэт байсан” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр Путин өөрөө л хэлсэн үгээ сануулахыг хүсэхгүй бол түүнтэй ярилцсан ихэнх хүмүүст ийм сэтгэгдэл үлддэг гэж үзэж байна. Ерөнхийлөгч Путин ярилцаж буй хүнд нөлөөлөх тусгай арга техникийг ашигладаг гэдэгт Смольянинов итгэлтэй буйгаа илэрхийлжээ.