Дэлхийд

Болсонарог 27 жилийн ялаа эдэлж эхлэхийг тушаажээ

Бразилын Дээд шүүх ерөнхийлөгч асан Жаир Болсонарод 27 жил гурван сарын хорих ял оноож, ялыг шууд эдэлж эхлэхийг тушаажээ. Тэрбээр 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгагдаж буй. Шүүгч Александр де Мораес хэлэхдээ, энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд дахин давж заалдах боломжгүй гэжээ. Одоо 70 настай Болсонаро эрх мэдэлд үлдэхийн тулд хүч хэрэглэн, засгийн эрхийг булаах оролдлогыг удирдсан гэж буруутгагдсан.

Түүнийг зугтах эрсдэлтэй гэж үзээд, өнгөрсөн Бямба гаригаас (2025.11.22) хойш нийслэл Бразилиа дахь холбооны цагдаагийн шоронд хорьж байна.

Шүүхийн баримтад дурдсанаар, Болсонаро хөлд нь зүүлгэсэн хяналтын төхөөрөмжийг гагнуурын төмөр багажаар тайрахыг оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг эмийн нөлөөнөөс болсон параной гэж тайлбарлажээ. Улмаар Болсонарод байнгын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг шүүх тушаасан байна. Өмнө нь түүний эмч нар Болсонарогийн эрүүл мэнд муудсаар байна гэж мэдэгдэж байсан. Дээд шүүхийнхэн хэлэхдээ, Болсонаро одоогийн ерөнхийлөгч Лула болон түүний дэд ерөнхийлөгч Геральдо Алькминыг алах, мөн шүүхийг хөтөлж буй шүүгчийг баривчлах төлөвлөгөөг мэдэж байсан.

Гэвч арми болон агаарын цэргийн командлалууд Болсонарог дэмжээгүй тул энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн.

Лула 2023 оны нэгдүгээр сарын 1-нд тайван замаар тангараг өргөсөн. Гэвч долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 8-нд, Болсонарогийн дэмжигч нар төрийн барилгууд руу дайрсан юм. Ойролцоогоор 1500 хүн баривчлагдсан. Шүүхийн мэдэгдсэнээр, энэ үймээнийг Болсонаро өөрөө өдөөн турхирч, армийг оролцуулан эрх мэдлийг эргүүлэн авахыг хүссэн. Одоо Болсонаро 2060 он хүртэл албан тушаалд нэр дэвших эрхгүй болсон. Тэрбээр энэ хэргийг “шидтэн агнах ажиллагаа” буюу улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт гэж нэрлэж байна. Мөн Болсонаротай хамт оролцсон гэж буруутгагдсан бусад хүмүүс, түүний дотор хоёр генерал, ялаа эдэлж эхлэх тушаал авсан.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %