“Зунаас өмнө турна”, “Шинэ жилээс өмнө турна” эсвэл “Яг маргаашаас турна”.
“Турна, турна, турна…” эдгээр үгс бараг ихэнх эмэгтэйн амнаас гардаг гэвэл хол зөрөхгүй болов уу. Турахдаа эрүүл аргаар буюу дасгал хөдөлгөөн, зөв хооллолтоор жингээ хасах хэсэг байхад зарим нь тураах эм, бэлдмэл, баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж, түүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй.
Зүрхний хэм алдагдал, нойргүйдэх өвчинтэй болсон, дархлаа суларсан, даралт ихэссэн гээд олон сөрөг шинж тэмдэгтэй болсон тохиолдлууд бий.
Энэ төрлийн бүтээгдэхүүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон, амиа алдсан хүмүүсийн талаар Монгол Улсад албан ёсны нарийвчилсан статистик мэдээлэл байдаггүй. Олон улсад ийм төрлийн бүтээгдэхүүнээс үүдсэн сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл хуваалцахад 2008 онд Японд хятад гаралтай тураах эмнүүдийн улмаас 600 хүн өвдөж зарим нь амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Эдгээр эмнүүд нь фенфлурамин зэрэг хортой бодис агуулж байв. Мөн Солонгос, Хонконг ийм төрлийн эмийн улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирч байжээ.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас мэдээлснээр (FDA) тураах бүтээгдэхүүнүүдийн улмаас жил бүр 50,000 гаруй гаж нөлөө бүртгэгддэг. Мөн Америкийн хордлогын төвүүдийн холбооны мэдээлснээр 2004–2013 оны хооронд нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой 23 мянга гаруй яаралтай тусламжийн тохиолдол бүртгэсэн байна.
Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ эрсдэл дагуулдаг тул тураах зорилгоор эм, бэлдмэл хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмч, эм зүйчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Жингээ хасах хамгийн эрүүл бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэдгийг мэргэжлийн эмч, хоол зүйчид зөвлөдөг билээ.


