Гурван долоо хоног орчим хугацаанд завсарласны дараа Оросын арми Ираны үйлдвэрийн дроныг Украины эсрэг ашиглаж эхэлжээ.
Украины арми болон Их Британийн тагнуулын алба арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш ийм дроныг Оросын тал агаарын цохилтдоо ашиглаагүйг мэдээлж байв.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд оросууд Ираны камиказе дроныг Украины хотуудад цохилт өгөхдөө дахин ашиглаж эхэлжээ.
Тухайлбал Бямба гарагт ийм цохилтын улмаас Украины Одесса хотын эрчим хүчний хангамж тасалдсан байна.
Их Британийн тагнуулын албанаас Баасан гарагт гаргасан мэдэгдэлд Оросын армийн дроны нөөц дууссан байсан бөгөөд сүүлд Шахед-131, Шахед-136 загварын дронуудыг Иранаас нэмж авсан байж болзошгүйг мэдээлжээ.
Вашингтонд төвтэй ISW (The Institute for the Study of War) хүрээлэнгийн үзэж байгаагаар хуванцар материалтай Ираны дроныг өвлийн хүйтэн цаг агаарт ашиглах боломжгүй болсныг Оросын тал өөрчлөн сайжруулсан байх өндөр магадлалтай гэнэ.
Тегераны дэглэм ОХУ-д дрон нийлүүлснээ удтал няцааж байснаа өнгөрсөн сард л анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.
Иран улс ОХУ-д дрон нийлүүлсэн гэх асуудлыг НҮБ шалгаж эхэлснийг тус байгууллагын тэргүүн Антонио Гутерреш энэ долоо хоногт мэдэгдээд байгаа.
Дрон нийлүүлсний хариуд Москвагийн эрх баригчид Ираны дэглэмд цөмийн зэвсэгтэй болоход нь тусалж байж болзошгүйг Өрнөдийн орнууд анхааруулж байна.
Эх сурвалж: Business Insider


