
УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Уг хуулийн төсөлд 100 мл ус ундаанд сахрын агууламж таван граммаас дээш бол онцгой албан татварыг 500 төгрөгөөр тогтоохоор тусгажээ. Улмаар татварын хэмжээг жил дараалан нэмэгдүүлэх бөгөөд 2026 он гэхэд 550 төгрөгийн татвартай болгохоор төсөл боловсруулсан байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Сахарын хэрэглээг багасгах хуулийн төслийг дэмжиж байна. Хорт хавдрын нэг үүсгэвэр сахар гэж үздэг судалгаа ч байдаг. Сахарт хавдрын эс хурдацтай идэвхжих хандлагатай байдаг. Тиймээс бусад гишүүдийг ч энэ хуулийн төслийг дэмжээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эмэгтэй гишүүдийг хууль санаачлахаар “Та нар татвартай битгий хутгалд” гэж үзэх хүмүүс байдаг. Энэ бол зөвхөн татварын асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн асуудал” гэв.