
Европын Холбоо ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны импортыг ирэх зургаан сард багтан хориглохоор төлөвлөж байна. Энэ нь Европын Холбооноос танилцуулж буй зургаа дахь багц хоригийн хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн нэг юм.
“Багц хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосны импортоо бүрэн зогсооно” гэж Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдлээ. Дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулж, хамтрагч нартаа шинээр нийлүүлэлтийн суваг олгохын тулд зохион байгуулалттайгаар ОХУ-ын газрын тосны импортыг зогсооно гэдгийг тэрбээр онцолж байна.
Энэ хүрээнд ОХУ-ын эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай Унгар, Словак улсыг 2023 он дуустал хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардахгүй гэж эх сурвалж мэдээлээд байна.
Европын Холбооноос танилцуулсан шинэ багц хоригт газрын тосны экспортын хоригоос гадна “Sberbank” болон өөр томоохон хоёр банкийг “SWIFT” төлбөр тооцооны системээс хасах санал багтжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их 7”-ийн холбоотон орнуудтай ОХУ-ын эсрэг тавих бусад боломжит хоригуудын талаар хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр АНУ нэмэлт хориг тавихад нээлттэй байгааг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Өнөөдөр бид зургаа дахь шатны багц хоригоо танилцуулж байна. Эн тэргүүнд Бучад дайны гэмт хэрэг үйлдсэн өндөр албан тушаалын офицерууд, хувь хүмүүсийн эсрэг хориг тавьж байгаа. Мөн Мариуполь дахь хүний ёсноос гадуур бүслэлтийг гардан үйлдсэн албан тушаалтнуудад. Энэ нь Кремлийн гэмт хэрэгтнүүдэд бас нэгэн томоохон дохио болж байгаа.
Бид та нарыг хэн гэдгийг мэднэ. Та нараас хариуцлага нэхнэ. Та бүхэн зүгээр өнгөрөхгүй. Хоёрдугаарт “Sberbank”-ийг “SWIFT” төлбөр тооцооны системээс хасна. “Sberbank” нь ОХУ-ын хамгийн том банкнуудын нэг. Банкны системийн 37 хувийг эзэлдэг. Мөн нэмж ОХУ-ын томоохон хоёр банкийг “SWIFT”-ээс хасна.
Бид ОХУ-ын банкны системд амин чухал үүрэгтэй банкнуудын эсрэг хориг тавьж байна. Энэ нь Владимир Путины дайныг үргэлжлүүлэх чадамжид цохилт болно. Ингэснээр ОХУ-ын санхүүгийн секторыг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах ажил эрчимжинэ. Гуравдугаарт, ОХУ-ын Төрийн өмчит томоохон гурван сувгийг хориглож байгаа. Эдгээр сувгууд ямар нэгэн байдлаар Европт контентоо цацах боломжгүй болно” гэж мэдэгдлээ.