Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль Ассадын эхнэр салах өргөдлөө өгсөн гэх мэдээллийг үгүйсгэлээ

2024-12-25 149 8

Сирийн босогчид нийслэл Дамаск зэрэг томоохон хотууд, Ерөнхийлөгчийн ордон төрийн мэдлийн сувгийг эзлэн авсны дараа Ерөнхийлөгч асан Башар аль Ассад эхнэр гурван хүүхдийн хамт эх орноо орхиж ОХУ рүү дүрвэсэн. Сири ард түмэн Ассадын гэр бүлийн 50 гаруй жил үргэлжилсэн дарангуйллын дараа энэ жил анх удаа зул сарын баяраа дайн тулаангүй, энх тайван, эрх чөлөөтэйгээр тэмдэглэх гэж байна.

ОХУ-д орогнож байгаа Башар Ассад болон түүний гэр бүлийн талаар хэд хэдэн мэдээлэл гарсан. Тэгвэл уг мэдээллүүд худлаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Юун түрүүнд Туркийн хэвлэлүүдээр Башар Ассадын эхнэр Британид төрсөн Асма аль Ассад гэрлэлтээ цуцлуулж, Оросыг орхих хүсэлтэй байгаа тухай мэдээлжээ. Харин Песков хатагтай Асма Ассад гэр бүлээ цуцлуулах шийдвэр огт гаргаагүй учраас энэ мэдээлэл худал гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн байна.

Мөн Орост орогнол хүсэн байрлаж байгаа Ассадын хөрөнгийг царцааж, эрхийг нь хязгаарласан тухай мэдээлэл гарсан байна. Песков энэ ч мөн худал мэдээлэл гэдгийг тодорхой хэлжээ.

ОХУ нь Ассадын дэглэмийн үеийн тууштай дэмжигч холбоотон төдийгүй иргэний дайны арав гаруй жилийн хугацаанд Ассадын армид цэрэг зэвсгийн тусламж үзүүлсээр ирсэн байна.  Гэвч Туркийн хэвлэлүүдээр Ассадыг Оросын нутаг дэвсгэрт таагүй, эрх нь хязгаарлагдсан нөхцөл байдалд байгаа мэтээр эндүү ташаа мэдээлжээ.

Хатагтай Ассад Сири-Их Британийн давхар иргэншилтэй. Туркийн хэвлэлээр Ассадыг Лондон руу явахаар төлөвлөж байгаа гэжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн яамнаас хатагтай Ассад Британид эргэн ирэх зөвшөөрлийг олгохгүй гэж мэдэгдсэн байна.

Уг нь хатагтай Ассад 1975 онд Их Британид төрж Лондоны баруун талд байдаг Эктон хотод өсчээ. 2000 онд 25 настайдаа Сирид очиж, удалгүй Башар Ассадтай танилцаж гэрлэсэн байна. Энэ үеэс хойш өрнөдийн хэвлэлүүд Сирийн тэргүүн хатагтай байсан Асма Ассадын тухай нилээд сонирхдог болжээ. Тухайлбал 2011 онд алдарт загварын сэтгүүл Vogue хатагтай Ассадыг цөлийн сарнай гэж нэрлэн, хамгийн тансаг цэвэрхэн, бусдыг соронз мэт татах увидастай нэгэн гэж бичиж байжээ. Гэвч удалгүй иргэний дайн дэгдэж ардчиллын төлөө жагсагчдыг нөхөр нь дэмжихгүй байхад хатагтай Ассад үг хэлсэнгүй гэх шүүмжлэлд өртсөн юм.

Хатагтай Ассад 2018 онд хөхний хорт хавдар тусаж, жилийн дараа бүрэн эдгэсэн байна. Мөн энэ жилийн тавдугаар сард цус багадах өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгэж эхэлжээ. Одоогоор хатагтай Ассад түр хугацаанд олон нийтийн арга хэмжээ, хэвлэлүүдээс завсарлага авсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`