Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг болох Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах наймаагаа тэрбумтан Илон Маск цуцлахаар болжээ.
Тэрбээр өчигдөр ийм агуулгатай захидлыг Твиттер компанийн төлөөлөн удирдах зөвлөлд явуулсан юм байна.
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Маск энэ оны дөрөвдүгээр сард Твиттер платформыг өндөр үнээр худалдан авч, үг хэлэх эрх чөлөөний индэр болгох төлөвлөгөөгөө анх зарлаж байв.
Гэвч Твиттерийн хэрэглэгчдийн хэдэн хувь нь бодит хүн биш, бот болохыг мэдэхийг хүссэн түүнд компани хангалттай мэдээлэл гаргаж өгөөгүй нь наймааны үйл явц саатахад хүргэсэн юм.
Илон Маск өөрөө Твиттерийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд 95 сая гаруй дагагчтай.
Наймаа бүтэлгүйтсэн тухай мэдээ цацагдсаны дараа Твиттерийн хувьцааны ханш 7 орчим хувиар унаж, Тесла компанийн хувьцаа 2.5 хувиар өссөн байна. Твиттерийг худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулах нь Тесла, SpaceX зэрэг Маскийн бусад бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлэхээс хөрөнгө оруулагчид болгоомжилж байсан юм.
Твиттер компанийн удирдлага наймааг цуцлуулалгүй үргэлжлүүлэхийн тулд тохиролцоогоо зөрчсөн Илон Маскийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Үүнээс гадна наймаанаас буцсан тохиолдолд тэр $1 тэрбумтай тэнцэх хураамж төлөхөөр болоод байгаа юм.
Эх сурвалж: Associated Press


