Дэлхийд

Трамп, Элон Масктай харилцаагаа дуусгаснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт NBC News сувагт ярилцлага өгөхдөө Элон Масктай найрсаг харилцаа нь дууссан гэж мэдэгдэв. Сэтгүүлч түүнээс “Та хоёрын харилцаа үнэхээр дууссан гэж үзэж байна уу?” гэж асуухад Трамп “Тийм гэж бодож байна, тийм ээ” хэмээн хариулжээ. Мөн “Та түүнтэй харилцаагаа сэргээхийг хүсэж байна уу?” гэх асуултад “Үгүй” гэж хариулсан байна.

Трамп ба Маск нарын хоорондох таагүй харилцаа олон нийтийн сүлжээнд ил болсны дараа тэрбээр ийн баталгаажуулав.

Тэрбумтан Элон Маск нь Трампын ерөнхийлөгчийн кампанит ажилд олон сая доллар хандивласан бөгөөд Цагаан ордны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Гэвч тэрээр Трампын татварын нэмэгдэл болон төсвийн зарцуулалттай холбоотой хуулийг ил тод шүүмжилсэн. Үүний дараа Трамп сэтгүүлчдэд “Маскийн гаргасан зан авирт сэтгэл дундуур байна” гэж ярив.

Үүний хариуд Маск “X” платформ дээр хэд хэдэн бичвэр нийтэлж, Трамп түүний дэмжлэггүйгээр сонгуульд ялах боломжгүй байсан гэж мэдэгдэв. Харин Трамп өөрийн “Truth Social” платформ дээр Маскийг “галзуурсан” хэмээн бичиж, Засгийн газартай хийсэн Маскийн гэрээнүүдийг цуцална гэж сүрдүүлжээ.

NBC News-д өгсөн ярилцлагадаа Трамп Маскийг “ерөнхийлөгчийн албан тушаалд хүндэтгэлгүй хандсан” гэж шүүмжилсэн юм. Тэрбээр “Миний албан тушаалд хүндэтгэлгүй хандана гэдэг байж боломгүй зүйл. АНУ-ын ерөнхийлөгчид ингэж үл хүндэтгэсэн байдлаар хандаж болохгүй” гэжээ.

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Элон Маск нь Трампын ерөнхийлөгчийн кампанит ажилд ойролцоогоор 250 сая доллар хандивласан бөгөөд сошиал медиа дахь маргааны үеэр ирэх оны завсрын сонгуульд Трампын эсрэг өрсөлдөх зарим нэр дэвшигчийг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрээр мөн Трампын татварын хуулийг дэмжсэн хууль тогтоогчдын эсрэг өрсөлдөх хүмүүсийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %