Н.Учрал: E-Mongolia платформд нотариатын үйлчилгээ орсон нь хамгийн том дэвшил

2023-05-25 408 0

“Е-Mongolia 3.0” шинэчилсэн хувилбарын нээлтийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.

Ингэснээр иргэн өөрийн фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.

Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очдог болж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 81 байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй болсон. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 73 хувийг эзэлж байгааг албаныхан онцлов.

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул “E-Mongolia 3.0” хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна. Үүнд:

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх,
  • Дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх,
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх,
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон аж.

“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Бид хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй иргэд энэхүү платформыг ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Мөн төрд байгаа бичиг баримтуудын хугацаа дуусах эсвэл ямар нэгэн шаардлагатай өөрчлөлт хийх мэдэгдлийг хүргэдэг болсон” гэлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өнгөрсөн хугацаанд таны мэдээллийг төр ашиглалаа гэж мэдэгддэг байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар сануулдаг болсон.

Гадаад паспортын хугацаа дуусах, иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх сунгуулах талаар сануулга очно. Мөн нотариатын үйлчилгээ нэмэгдсэн нь хамгийн том дэвшил” хэмээн хэлэв.

Тодруулбал, “Монголын нотариатчдын танхим”-тай хамтран дөрвөн төрлийн лавлагаа, таван төрлийн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн хуулбарыг цахимжуулсан байна.

Лавлагаа:

  • Нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Хилийн чанадад суугаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээний лавлагаа,

Нотариатаар гэрчлүүлсэн:

  • гэрээ
  • итгэмжлэл
  • гарын үсгийн баталгаа
  • өвлөх эрхийн гэрчилгээ
  • мэдэгдэх хуудас зэрэг үйлдлүүдийн архивын хуулбарыг авах боломжтой юм.

Эдгээр лавлагаа үйлчилгээ зөвхөн 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатчаар үйлчлүүлсэн тохиолдолд гарах юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`