Хууль санаачлах хязгаар

2023-11-08 214 0

Манай улсын хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ 76 гишүүнтэй. Харин хууль санаачлах эрхтэй 78 субъект бий. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах дархан эрхтэй. Үүнээс гадна саяхан хүсвэл хэн ч шууд бусаар хууль санаачлах эрхтэй болсон. Энэ бол иргэн бүр “D Parliament” цахим хуудсаар дамжуулан санал асуулга явуулж 30 хоногийн дотор 100 мянган иргэний дэмжлэг авч чадсан тохиолдолд хуулийн төсөл болгон боловсруулж УИХ-аар батлуулах явдал.

Туршилт

Шууд бусаар хууль санаачлах эрхийг хамгийн анх ашигласан хүмүүс нь иргэн Г.Занданшатар, Э.Батшугар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг нар. Тэдний хэн нь ч Булганых биш, бас шууд хууль санаачлах дархан эрхтэй УИХ-ын гишүүд. Гэвч тэд иргэнийхээ хувиар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох санал асуулга явуулж, 100 мянган иргэний дэмжлэг аваад байна. Хэдхэн хоногт 100 мянган иргэний саналыг авч чадсан ч энэхүү санал санаачилга нь маргаан дагуулж эхэлсэн. Тэд иргэдээс заавал санал авахгүйгээр шууд хууль санаачлах эрхтэй ч ингэж иргэдээр хэлэлцүүлсэн нь нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах зорилготой байв.

Нэгдүгээрт, сонгууль дөхсөн үед олон нийтэд таалагдах.

Хоёрдугаарт, шууд хууль санаачилбал төсөв санхүүгийн боломжгүй гэдэг шалтгаанаар дэмжигдэх магадлал бага. Тиймээс иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч Засгийн газарт шахалт үзүүлэх.

Гуравдугаарт, иргэдэд хуулиар олгосон хууль санаачлах албан бус эрхийг сурталчилж “D Parliament” цахим хуудсаар санал авах процессыг хэрэглээнд нэвтрүүлэх.

Санал асуулга нь хууль болон батлагдахгүй байлаа ч Г.Занданшатар тэргүүтэй гишүүдийн зорилго биелсэн. Иргэдийн дэмжлэгийг авч аливаа асуудлыг зүтгүүлж болох туршилт ч амжилттай хийлээ. Харин цаашдаа ийнхүү иргэдийн саналаар хууль боловсруулж баталдаг байх нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах шаардлагатай гэдгийг энэ удаагийн процесс харууллаа.

Иргэдээс асууж, иргэдээрээ хэлэлцүүлэх нь ардчилсан Монгол Улсад байх зарчим. Бусад улс оронд ч ийм жишиг бий. Гэхдээ хүн болгон хүссэн асуудлаараа санал асуулга явуулж, хууль батлахыг шахаж шаардаад эхэлбэл юу болох вэ?

Г.Занданшатар даргын санал асуулгын араас иргэн Ш.Хүрэлтулгын Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг 50 хувь бууруулах санал асуулга аль хэдийнэ 100 мянгын босгыг давчихсан явж байна. Мөн араас нь иргэн Р.Цэндсүрэнгийн “Цалинтай ээж” хэмээн нэрлэгддэг хүүхдээ гурван нас хүртэл гэртээ харж буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг нэмэх санал асуулга 50 мянган санал аваад байна. 10 хоногийн дотор ийм хэмжээний санал авснаас нь үзвэл 30 хоногийн дотор 100 мянгад хүрэх бололтой. Энэ мэтээр иргэдийн популист саналууд 100 мянган иргэний санал авч, УИХ-д шахалт үзүүлсээр байвал яах вэ?

Ухаарал

Одоогоос дөнгөж жил гаруйн өмнө УИХ-ын тухай хуульд дээрх зохицуулалтыг оруулан батлахдаа “Иргэдээсээ асууж, иргэдээрээ хэлэлцүүлэх нь зөв”  хэмээн попорч байсан эрх баригчид одоо ийм байж болохгүй гэдгийг ойлгожээ. Тиймээс удахгүй хуулиа өөрчлөх бололтой.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн

“Бид цаашдаа D Parliament-ийн энэ журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.”

Ямар ч хуулийн төсөлд иргэдээс санал авч болно. Гэхдээ татварын хууль болон эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авч өөрчилж явах нь буруу жишиг гэж үзэж байгаа.

Энэ бол олон нийтийн санал дээр үндэслэж явдаг асуудал биш.

Энэ хуулийг цааш нь хэрэгжүүлсээр л байвал иргэдээс ямар ч санал гарч, тэр нь 100 мянгын босго давж болзошгүй.

Манай улс санхүү, эдийн засгийн хувьд хүн бүрийн хүслийг биелүүлэх байтугай тулгамдсан асуудлаа ч шийдэх боломжгүй. Мөн поп улстөрчид иргэдийн нэрийг барьж богино зайны улс төр хийх, иргэдийн саналыг хувийн болон бүлэглэлийнхээ эрх ашигт нийцүүлэн ашиглах эрсдэлтэй.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал

Шууд ардчилал, төлөөллийн ардчилал гэсэн ардчиллын хоёр зарчим бий. Манай улсын төрийн тогтолцоо төлөөллийн ардчиллын зарчимд суурилсан. УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Гэхдээ манай Үндсэн хуульд төлөөллийн ардчилал, шууд ардчиллын зарчим хоёулаа бий. Үндсэн хуулийн 3.1-т т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”  гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү агуулыг баталснаас нь хойш 30 жилийн дараа буюу өнгөрсөн онд УИХ-ын тухай хуульдаа тусгаж, иргэний санал 100 мянган хүний дэмжлэг авсан тохиолдолд хууль болгон батлахаар хуульчлав. Өдөр алдаад шөнө гэдэг шиг 30 жилийн дараа хийсэн ажил нь бүтэлтэй зүйл болсонгүй. Маргааны сэдэв, эрх баригчид хоорондоо хагаралдах шалтгаан болов.

Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийнхөө агуулгыг ч УИХ-ын тухай хуульдаа оруулахдаа алдаа гаргасан нь нэгэнт тодорхой боллоо.

2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэг заалтыг дараах байдлаар өөрчилсөн.

Өмнөх хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ. 

Шинэ хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байх үед төсөв, санхүү, татварын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үүднээс энэ чиглэлийн хуулийг зөвхөн Засгийн газар санаачлах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байв. Гэвч УИХ-ын тухай хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлахдаа УИХ-ын гишүүний татварын хууль санаачлах эрхийг бүрэн хязгаарлаагүй юм.

2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ уг хуулийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна”

гэж заасан юм. Ингэснээр татварын хуулийн шинэчилсэн найруулга, анхдагч хуулийг зөвхөн Засгийн газар л санаачлах, УИХ-ын гишүүд татварын хуулийн өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлтийн төслийг л санаачлах эрхтэй болсон. Хэрэв анх ярьж байснаараа хуулиа баталсан бол өнөөдөр Г.Занданшатар дарга ийм санал асуулга явуулж маргаан үүсгэхгүй байлаа. Өөрчлөлт, шинэчлэлийг дутуу хийх нь ийм сөрөг үр дагавартай гэдгийг яг одоо эрх баригчид ухаарч, хуулиа өөрчлөх тухай ярьж сууна. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлах уу, иргэдийн санал асуулга явуулж хууль санаачлах эрхийн босгыг нь өндөрсгөх үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

Ирэх онд УИХ 126-уулаа болж хууль санаачлах субъект 128 болно. Хууль санаачлах хүмүүс ихдэнэ үү гэхээс багадахгүй гэсэн үг. Баталсан хуулийн тоо ч багадахааргүй их бий.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`