Арванхоёрдугаар сарын 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхиний аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна. Цасан шуурга зүүн гурван аймгаар шуурч, өнгөрнө. Нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл байдал бүрдэнэ. Мөн өнөөдөр ихэнх нутгаар агаарын температур суларч, говийн аймгуудаар 3-8 градус хүрч дулаарна. Энэ нь мөсөн бүрхүүл үүсгэх эрсдэлтэй.
Энэ сарын 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байх нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлж, зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, салхи шуурганы үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулья.
Арванхоёрдугаар сард баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон жилийн дундажаас ахиу хур тунадас орж, олон жилийн дундажаас дулаан байх бол нутгийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, нэгдүгээр сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн байх төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болж байна” гэдгийг анхаарууллаа.