
Туркийн худалдаа, эдийн засгийн зүрх болсон Истанбул хот 15 сая хүнтэй. Түм түчигнэж, бум бужигнасан энэ хотод 2010 оны үеэс Монголчууд ч олноороо ажиллаж амьдрах болсон. 2013 онд иргэний үнэмлэхийг шинэчлэх үед Истанбул дахь монгол ажилчдыг хурууны хээгээр бүртгэхэд 4800 хүн байжээ. Үүнээс хойш дахин тооллого явуулаагүй байна. цар тахлын эрсэл намжсанаар сүүлийн саруудад тус улсыг зорих монгол иргэдийн цуваа дахин нэмэгджээ.
Тус улс руу 30 хоногийн визгүй зорчих эрхийг нээснээс хойш ажил хийх иргэд Туркийг зорих болсон юм. Тэд голдуу Истанбулд суурьшин, эмэгтэйчүүд нь оёдлын үйлдвэрт, эрчүүд нь ачаа тээврийн гэх мэт компаниудад ажилладаг. Харин цар тахлын дараахнаас иргэд ажлын байраа өөрчилж, гар утсаараа шууд бичлэг хийн, Монголоос захиалга авч, бараа нийлүүлэх болов. Учир нь манай урд, хойд хөршүүд хилээ хаан, боомтын дүрэм журмаа чангатгасан нь импортын бараанаас ихээхэн хамааралтай бидэнд хүнд туссан юм. Жишээ нь өнгөрсөн онд хойд хил хаасан хугацаанд өндөгний нийлүүлэлт тасарч, үнэ нь шууд өссөн.
Хүнснээс гадна бэлэн хувцас, гэр ахуйн барааны нийлүүлэлтэд ч доголдол үүссэн тул Турк дэх Монголчууд энэ эрэлтийг соргогоор анзаарч, ажилчнаас худалдаачин болцгоон, эх орон нэгтнүүдээ захиалсан бараагаар нь хангаж байна.
“Монтур тижарет” компани БНТУ-д байгуулагдсан, Монголын анхны ачаа тээврийн компани.
Тус компанийг үүсгэн байгуулсан Б.Ихбаяр “1990-энд онд Монголчууд бөөнөөрөө Эрээн явж, наймаа хийдэг байсан шиг одоо Истанбулд бужигналдаж байна.
Хүнс импортлоход үнэтэй тусдаг тул бэлэн хувцас, гэр ахуйн бараа, барилгын материал, тавилга тээвэрлэж байна. Бид газраар болон агаараар тээвэрлэдэг.
Өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш МИАТ-ийн онгоцыг таван удаа түрээлсэн, онгоцны суудлыг буулгаж, ачаа ачлаа. Эрээнээс бараа татсанаас эндээс ачуулах нь хямд. Нэг турк лира 208 төгрөг, нэг юан 500 төгрөг болчихлоо. Эндээс нэг кг ачааг агаараар 10 ам.доллараар ачуулдаг. Манайх дөрвөн салбартай, нийт 40 орчим ажилтантай. Турк жолооч нарыг өөрсдийн машинаар тээвэрт явуулдаг.
Монгол-Туркийн хамтарсан, ачаа тээврийн олон компани бий. Газраар тээвэр хийхэд оросын талд ачаа шалгах, хураах, жолооч нарыг олон хоногоор сул зогсоох гэх мэт эрсдэл бий. Гэхдээ бид туршлагажин, гаалийн бүрдүүлэлтээ зөв бөглөж, манай компанийн сүүлийн зургаан машины ачааг задлаагүй. Бидэнд ачаа өгсөн иргэд заримдаа мэдүүлгээ буруу бөглөн, торгуульд унах тохиолдол бий” гэж ярив.
МИАТ энэ сарын 6-нд Истанбул хот руу анхны шууд нислэгээ үйлдэнэ.
“Туркиш эйрлайнс” компани УБ-Истанбул-УБ чиглэлд нислэг үйлдэж эхлээд 11 жил өнгөрчээ. Харин МИАТ энэ сарын 6-наас маргааш Истанбул хот руу анхны шууд нислэгээ үйлдэнэ. Тус компани Турк компанитай хамтран ажиллаж, долоо хоног бүр нислэг үйлдэх болжээ. 280 хүний суудалтай, БОИНГ 767 онгоц нисгэх юм. Тийзний үнэ харьцангуй хямд буюу 2.6 сая төгрөг байгаа тул хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо өсөх нь.
Зам тээвэр, хөгжлийн яам БНТУ-ын талтай нэг жилд Туркээс Монгол руу 1000, Монголоос Турк руу 250 машин нэвтрүүлэх гэрээ байгуулжээ. Энэ квотын дагуу газраар ачаа тээвэрлэдэг. Хэдий Туркээс дүүрэн ачаатай ирэх ч эндээс буцаад хоосон явдаг нь тээврийн зардлыг өсгөдөг. Иймд “Монтур тижарэт” компани ОХУ-аас мах шарахад ашигладаг, шуудайлсан нүүрсийг Турк руу тээвэрлэх замаар зардлаа бууруулж чаджээ.
БИД ТУРКЭЭС ЮУ ИМПОРТОЛДОГ ВЭ?
Хөршүүд хилээ хаасны улмаас үүссэн худалдааны орон зайг Туркээс нөхөж байна. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр оны эхний хоёр сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 38.9 сая ам.доллар буюу 1.7 хувиар буурсан дүн юм. Экспорт импортын дүнгээс 142 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав.
БНТУ-тай хийсэн худалдааг харвал 2021 оны эхний хоёр сард тус улс руу 296 сая, энэ оны эхний хоёр сард 283 сая ам.долларын бараа гаргажээ. Экспортын дүн бараг өөрчлөлтгүй байгаа бол импорт сүүлийн нэг жилд 6 саяас 16 сая ам.доллар болж өссөн байна. БНТУ-ын Худалдааны яамны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар бодит байдал дээр энэ дүн хамаагүй өндөр байх ёстой гэж үзэж байна. Учир нь иргэд борлуулах зорилгоор авчирсан бараагаа гаальд мэдүүлэхгүй байх нь элбэг аж.
Импортын бүтэц, гарал үүслээр жагсаавал БНТУ ОХУ, БНХАУ-ын араас долдугаарт жагсаж байна. Бид Турк улс руу ямаа, ишигний боловсруулсан арьс, хонь ямааны мах, ноолууран хувцас гаргадаг.
Газраар буюу авто замаар хийдэг тээвэр Туркээс Улаанбаатар хүртэл 20-25 хоног зарцуулж, 13-14 мянган ам.долларын өртөгтэй байна.
Харин тус улсаас тэжээвэр шувуудын мах буюу дайвар бүтээгдэхүүн, сонгино, саримс, самар, жүрж, усан үзэм, алим, лийр, шахмал ногоон цай, байхуу, чидун жимсний тос, хатуу чихэр, шоколад болон какао агуулсан хүнс, гоймон, бэлэн хувцас, амтлаг гурилан бүтээгдэхүүн, ликёр, давс, нефтийн бүтээгдэхүүн буюу тослох материал, тун хэлбэрт савласан эмүүд, будаг, лак, гар нүүрний саван, угаалгын бодис, лаа, боодлын хуванцар хайрцаг, сав, таглаа, хуванцар шуудай, уут, хаалга цонхны хүрээ, хаалганы босго, шинэ дугуй, хөвөн цаасан даавуу, нийлэг, мяндсан даавуу, гутал, лист төмөр, дотоод шаталтын түлхэлтэт буюу ротацит бүлүүрэн хөдөлгүүр, шингэн зүйлсийн хэмжүүртэй, хэмжүүргүй шахуурга, агаар сорох шахуурга, вакуусын шахуурга, салхилуур, өрөөний агаар тохируулах төхөөрөмж, хөдөлгүүрт салхилуур, хөргөх, хөдлөөх төхөөрөмжүүд, лабораторийн төхөөрөмж, хийг шүүх цэвэрлэх төхөөрөмж болон машин тоног төхөөрөмж зэргийг импортолдог.
Эдгээрийг Туркийн үйлдвэрлэл, худалдааны гол хот болох Истанбулаас газраар тээвэрлэдэг. “Туркиш Эйрланс”, “Аеро Монголиа” (УБ-Анталиа-УБ) компаниуд зорчигч тээврийн шууд нислэг тогтмол үйлдэж байна. Ачаа тээврийн онгоц нисдэггүй тул зорчигч тээврийн онгоцонд зай гарвал 10 хүртэл тонн ачааг л тээвэрлэдэг аж.
Газраар буюу авто замаар хийдэг тээвэр Туркээс Улаанбаатар хүртэл 20-25 хоног зарцуулж, 13-14 мянган ам.долларын өртөгтэй байна. Өмнө нь нэг удаад 6000 орчим ам.доллар төлж байсан бол одоо тээврийн өртөг хоёр дахин өсжээ. Эндээс ачааны машинууд хоосон гардаг буюу нэг талын тээвэр хийдэг нь зардлыг өсгөдөг.
БНТУ Евро-Азийн хонгил буюу Бээжин-Лондонг холбосон, шууд төмөр замтай болсон. Энэ төмөр замаар 11 хоногт буюу маш богино хугацаанд хүрэх давуу талтай. Гэвч энэ замаар хувийн хэвшлийнхэн чингэлэг тээвэрлэх зөвшөөрлийг олгохгүй байгаа аж. Хэрэв энэ зөвшөөрлийг олговол Монгол-Туркийн худалдаанд эергээр нөлөөлнө гэж энэ салбарынхан онцлов.
Цар тахлын эрсдэл буурсан ч бүрэн намжаагүй байна. Хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын улмаас дэлхийн олон улсын эдийн засаг хүндрэлтэй тулав. Харин БНТУ алдагдал биш ашиг хүртсээр. Тус улс ковидын эсрэг вакциныг дотоодод үйлдвэрлэн, хатуу хөл хорионоос зайлсхийн, үйлдвэрлэл үйлчилгээг удаан хугацаааар хаагаагүй. Иймд Монгол төдийгүй дэлхий олон орныг өргөн хэрэглээний бараагаар хангаж байна.