Дэлхийн банк: Төрийн өмчит компаниудын санхүүгийн мэдээлэл нээлттэй биш байна

2022-04-14 452 0

2021 оны эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын хувьцааны 11.2 хувь нь Төрийн, 3.2 хувь нь Төрийн өмчийн оролцоотой компаниуд байна.

Харин Сангийн яамны мэдээллээр Төрийн өмчит компаниудын үнэлгээ 50 их наяд гаруй төгрөг байгаа юм. Хэдий тийм боловч Төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд санал болгож, компанийн засаглалыг сайжруулах асуудал удаашралтай байна.

Үүнд Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь хувьцааг нийтэд санал болгоход хүндрэлтэй болгож байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга мэдэгдлээ. Тухайлбал: МИАТ ТӨХК л гэхэд 2021 онд 30-40 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тодотгож байна.

Дэлхийн банкнаас 2021 онд хийсэн судалгаагаар Төрийн өмчийн компаниудын санхүүгийн мэдээлэл нээлттэй биш байгаа нь үнэлгээ хийхэд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьд 6000 гаруй төсөл болон Төрийн байгууллагын өмчийн асуудлыг хариуцдаг. Харин шууд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа 49 компани байна. Эдгээрээс тодорхой компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгохоор хүлээгдсэн хэвээр байгаа юм.

Одоогоор Төрийн өмчийн компанийн хувьцааг хуулиар ард түмний гэхээсээ Төрийн өмч гэж ангилснаар тухайн компанийн Гүйцэтгэх захирлын өмч болж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжилж байв.

Үүнтэй холбоотойгоор яамд сургуулийг өөрийн харьяанд авах, Төрийн өмчит компанийн ТУЗ-д өөрийн хүнээ оруулах гэсэн улс төрийн маргаанууд үүсдгийг тодотгосон байна. Тиймээс Төр, орон нутгийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 575 компанийг хувьчлах асуудлаас өмнө эрх зүйн суурь шинэтгэл хийх асуудал яаралтай хөндөгдөж байна.

ЭХ СУРВАЛЖ:gogo.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`