Жил бүрийн өдийд Монгол Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсч, иргэд олон нийт ШТС дээр дараалж зогсдог жишиг тогтсон гэхэд хилсдэхээргүй болжээ.
Нийслэл орон нутгийн хэмжээнд тасалдаж буй шатахууны талаар салбарын сайд Г.Дамдинням хэлэхдээ “Шатахууны шок бүрэн арилсан.
ОХУ болон БНХАУ-аас АИ-92 автобензин хангалттай нийлүүлэгдэж байгаа” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны аравнэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Тухайлбал, Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ. Улмаар Дарханд хоёр вагон, Рашаантад найман вагон, Толгойт өртөөнд 38 вагон, Улаанбаатарт таван вагон, Чойрт нэг вагон тус тус байгаа аж.
Түүнчлэн дизелийн түлш 320 вагон, АИ-92 автобензин 82 вагон, пропан 13 вагон, бутан 15 вагон, шингэрүүлсэн хий /LPG/ найман вагон тус тус байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдөлж, замд явж буй 28 вагон байгаа бөгөөд дараах өртөөнүүд рүү хүргэгдэж байна. Үүнд, Толгойт 23 вагон, Чойрт нэг вагон, Багануурт дөрвөн вагон тус тус байна.
Үүнээс гадна Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн мэдээллээр нийслэлд АИ-92 шатахуун литр нь 2590 төгрөгөөр зарагдаж байгаа бол хөдөө орон нутагт литр тутам нь 2797 төгрөг, А-80 литр 2611 төгрөг, дизелийн түлш литр 3321 төгрөгийн үнэтэй байна.
ҮСХ-ноос гаргасан судалгаагаар дизелийн түлшний үнэ 2.2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.


