Ялалтын баярын парадын үеэр Путиний хажууд дэлхийн II дайнд тулалдаж байгаагүй ахмадууд суужээ

2023-05-11 360 3

Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Агентство байгууллага саяхан болж өнгөрсөн ялалтын баярын парадын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хоёр талд дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж байгаагүй ахмадууд суусан байсныг судалж тогтоогоод Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Путиний хоёр талд суусан ахмадууд нь Зөвлөлтийн нууц албаны экс ажилтнууд байсан байна.

Тухайлбал баруун гар талд нь суусан 98 настай Юрий Двоикин 1944 онд баруун Украины Львов орчимд Украины партизануудыг устгах ажиллагаанд оролцож байжээ.

Тэрбээр 1942 онд сайн дурын үндсэн дээр цэрэгт явсан ч фронтын шугамд огт байлдаж байгаагүйг Агентство баталсан байна.

Харин Путиний зүүн гар талд суусан ахмад нь КГБ-ийн офицер Геннадий Зайцев гэгч байжээ. 1934 онд төрсөн тэрбээр 1968 онд “Прагын Хавар” гэгддэг хувьсгалыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн юм байна.

“Зөвлөлт Холбоот Улсын КГБ-ийн долдугаар газрыг удирдаж байхдаа Зайцев тухайн үеийн Чехословак улсад хэрэгжүүлсэн Дунай нэртэй нууц ажиллагаанд оролцож байжээ. Түүний удирдлага дор чекистүүд Прага хот дахь дотоод хэргийн яамны байрыг эзэлж байв” гэж Агентство мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`