Орос бүсгүйчүүд CHANEL-ийн хоригийг эсэргүүцэн, цүнхээ ХАЙЧИЛЖ эхэлжээ

2022-04-08 626 0

ОХУ-ын загвар өмсөгчид болон инфлүнсерүүд Chanel брэндийн хоригийг эсэргүүцэж буйгаа цахим хуудсуудаараа дамжуулан илэрхийлж эхэлжээ. 

Зарим инфлүнсерүүдийн хэлж буйгаар “Chanel House үйлчлүүлэгчдээ хүндэтгэхгүй байхад бид яагаад тэднийг хүндэтгэх ёстой гэж?” гэж үзэж буйгаа мэдэгдэн тус брэндийн цүнхээ хайчилж буй бичлэгээ цахим орчинд нийтэлж эхэлжээ.

Тус улсын загвар өмсөгч Виктория Боня лхагва гарагт өөрийн инстаграм хуудаснаа “Chanel house үйлчлүүлэгчдээ хүндэлдэггүй, баяртай. Өмнө нь ямар ч брэнд үйлчлүүлэгчтэйгээ ийм хүндэтгэлгүй харьцаж байгааг харж байсангүй” хэмээн бичин сонгодог загварын хар цүнхээ хоёр хэсэг болгон хайчилж буй бичлэгээ оруулсан байна.

 

 

Chanel брэнд ОХУ-ын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ зарахаас татгалзан тус улсад байрлах дэлгүүрүүдээ татан буулгасан. Гэсэн хэдий ч бусад улс орнуудаас ч мөн бүтээгдэхүүн худалдан авахыг хориглосон нь тус улсын иргэдийн хувьд цочирдом үйл явдал болж буй бололтой.

Интерьер дизайнер, инфлүнсэр Лиза Литвин Дубай дахь Chanel-с цүнх худалдан авах гэтэл түүнд зарахаас татгалзсан аж. Худалдан авсан тохиолдолд ОХУ-д тус цүнхийг барихгүй байх шаардлага тавьсан бөгөөд энэ тухай гэрээнд гарын үсэг хүртэл зуруулсан байна.

 

 

ОХУ-ын нэвтрүүлэгч, жүжигчин Марина Ермошкина мөн л өөрийн цүнхээ хайчилж буй бичлэгээ байршуулан “Ганц цүнх, ганцхан зүйл миний эх орноо хайрлах үнэ цэн биш. Энэ цүнх миний өөрийгөө хүндлэх үнэ цэн биш.  Би russophobia-ийн эсрэг байна. Russophobia-г дэмждэг брэндийн эсрэг байна. Chanel бол зүгээр л нэг хэрэгсэл. Хүмүүсийг доромжлохоор шийдсэн аксессуар нутаг нэгтнүүд, үндэс угсааг минь ялгаварлахыг тэвчихгүй. Эцсийн эцэст чухал зүйл нь таны гарт буй зүйл биш, сэтгэл дотор тань байгаа үнэт зарчим юм” хэмээн бичсэн нь олны дэмжлэгийг ихээр аваад байгаа ажээ.

 

 

Тус брэндийн цүнхний үнэ 3000-7500 еврогийн хооронд хэлбэлздэг байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`