Сурагчдыг хулгайлж, амьдаар нь булсан этгээд СУЛЛАГДАХААР болжээ

2022-04-03 661 0

1976 онд Фред Вүүдс хоёр хамсаатны хамтаар сургуулийн автобус хулгайлж, автобусанд байсан сурагчид болон жолоочийг амьдаар нь газарт булсан хэрэгт буруутгагдан насаараа хоригдох ял авч байжээ.

Үүнээс хойш 46 жил өнгөрөөд байгаа бөгөөд түүний ялыг хөнгөрүүлэн суллах тухай яригдаж эхэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг зовоож эхэлсэн байна.

Човчилла дахь Дайрилэнд бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа жолооч болон бусад сурагчдын хамтаар хулгайлагдсан Линда Каррежо Лабендейра уг хэргийн тухай дахин сөхсөн бөгөөд тэднийг таван сая ам.долларын төлөө хулгайлсан аж.

 

 

Сургуулийн автобусанд зэвсэглэсэн гурван этгээд орж ирэн 5-14 насны хүүхдүүдийг автобусны жолоочийн хамтаар Калифорниа мужийн Ливерморын ойролцоох газарт аваачин газар доор зургаан митрийн гүнд байрлах фургон маягийн зүйл рүү орохыг тушаасан гэнэ.

Тэднийг бүгд орж дуусмагц шатыг хураан дээрээс нь шороогоор булж эхэлсэн нь одоо ч чихэнд нь сонсогдон, шөнө бүр зүүдэнд нь орж ирдэг тухай Линда дурсан ярьжээ.

 

 

16 цаг өнгөрсний дараа жолооч дунд ангийн хөвгүүдийн хамтаар зугтах төлөвлөгөө боловсруулсан нь тэдний амийг аварчээ. Хулгайч нарыг унтсан хойгуур тэд гудаснуудаа дээвэр хүртлээ овоолж, дээд хэсгийг ээлж ээлжээрээ нүхлэн, гарч чадахаар хэмжээний зайтай болгож чаджээ. Тэд нэг нэгнийхээ мөр дээр гишгэн гадагш гарсан бөгөөд хулгайчдыг хэдхэн хоногийн дараа баривчилсан юм.

 

 

Ах дүү Ричард, Жеймс Шоенфельд, Фред Вүүдс хэмээх гурван этгээд уг хэргийг үйлдсэн бөгөөд тэдэнд насаар нь хорих ял оноосон ч 1980 онд давж заалдах шатны шүүхээс хугацаанаас нь өмнө суллах боломжтой хэмээн үзсэн байна.

 

 

Ричард Шоенфельд 2012 онд өршөөлөөр суллагдсан бол түүний ах Жеймс 2015 онд суллагджээ. Харин уг гэмт хэргийг толгойлж байсан гэх Вудсыг гуравдугаар сарын 25-нд комиссар тэнсэн харгалзах ялтайгаар суллахыг санал болгосон бөгөөд энэ нь хохирогчдод хүнд тусаж байгааг Линда Каррежо Лабендейра мэдэгджээ.

 

 

Хэдийгээр олон жил өнгөрсөн ч бүтэн нойртой унтаж үзээгүй Линда Каррежо Лабендейра “Би үүнийг сонсоод шокнд орсон. Тэд болсон явдлын тухай дурсамжийг минь өөрчилж чадахгүй шүү дээ. Дурсамж хэзээ ч арилдаггүй” хэмээсэн бөгөөд түүний ялыг хэвээр үлдээхийг хүсэж буйгаа хэвлэл мэдээллээр дамжуулан илэрхийлсэн байна.

 

Сурагчдын зорчиж явсан автобусыг өдгөө Калифорниа мужийн Ле Гранд дахь Брайтын музейд хадгалагдаж байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`