Ким Жон Уны охин Dior брэндийн үнэтэй хүрэм өмссөнийг шинжээчид тогтоожээ

2023-03-24 345 0

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн залгамжлагч гэгдэж буй охин Жү Эгийн хамт баллистик пуужингийн туршилтыг ажигласан тухай мэдээ Пёньяны төв хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм.

Энэ үеэр удирдагчийн охин үнэтэй брэндийн хүрэм өмссөн байсныг шинжээчид мэдээний гэрэл зураг, дүрс бичлэг дээр үндэслэн тогтоожээ.

Тухайлбал 10 настай Жү Эгийн өмссөн хүрэм тансаг эдлэлийн Dior брэндийн бүтээгдэхүүн юм байна. Dior Kids брэндийн “Hooded Down Jacket” нэртэй энэ хүрэм $1,900-ын үнэтэй болохыг албан ёсны сайтаас нь харж болохоор байгаа юм.

Умард Солонгосын элчин сайд нар Кимийн гэр бүлийнхэнд тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд нэлээд хүчин чармайлт гаргадаг тухай тус улсаас Кувейт улсад суух элчин сайд байхдаа Өмнөд Солонгост дүрвэж ирсэн Рю Хён Вү өмнө нь ярьж байжээ.

2020 оны аравдугаар сард Пёньянд болсон цэргийн парадын үеэр Ким Жон Ун тус улсын дундаж иргэн насаараа ажиллаад ч авч чадахгүй үнэтэй бугуйн цаг зүүсэн нь харагдаж байв.

IWC брэндийн Portofino Automatic хэмээх энэ цаг $10,000 гаруй үнэтэй байдаг.

Сүүлийн үед Умард Солонгосын дэглэм хөрш орнуудаа айлган сүрдүүлэх зорилгоор асар олон тооны пуужинг тэнгисийн ус руу харваж байгаа. Зөвхөн энэ он гарсаар арав гаруй удаа харважээ. Нэг пуужин харвахад олон арван мянган ам.долларын зардал гардаг. Гэтэл сүүлийн үед Умард Солонгост хүнсний хомсдол үүсэж, өлсгөлөн болоход ойрхон байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна.

 

Эх сурвалж: Korea Times

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`