Мөрөөдлөө орхиж, хүүхэд насандаа хүнтэй гэрлэсэн энэтхэг ОХИДЫН ТҮҮХ

2022-04-02 665 0

Гэрэл зургийн сурвалжлагч Рухани Каур Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужаас гаралтай гурван сүйт бүсгүйн түүхийг дурандаа буулгажээ. Тэд нийгмийн шаардлагын эсрэг зогсож, хүүхэд насандаа хэн нэгний эхнэр болохыг бус сурч боловсорч, ажиллахыг битүүхэн дотроо мөрөөддөг охид байж.

Приянка, Минакши, Шивани нар газар тариалангийн чухал ач холбогдолтой бүс болох Дамдама тосгонд өссөн ба бага наснаасаа л нөхөрлөжээ. Тэдний нэг нь ердөө 10 настай байхдаа хүний гэргий болжээ.

Энэтхэгт 18 нас хүрээгүй охидыг гэрлэхийг хуулиар зөвшөөрдөггүй ч бодит байдал дээр эцгийн эрхт ёс давамгайлж, ядуурлын улмаас бага насны охидыг гэр бүл болгох явдал гарсаар буй.

Энэтхэг улс бага насны охидын гэрлэлтийн тоогоор дэлхийд тэргүүлдэг талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн. Түүнчлэн тус улсад жил бүр 18-аас доош насны 1.5 сая охин айлын эхнэр болдог гэх тооцоолол ч бий.

Тус улсын Засгийн газраас өнгөрсөн жил гэрлэлтийн доод насыг 21 болгох тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьсан ч өнөөг хүртэл батлагдаагүй байна.

“НАМАЙГ БИТГИЙ ГЭРЛҮҮЛЭЭЧ”

Приянкаг 10 настай байхад эцэг эх нь хүнтэй гэрлүүлжээ. Тэрбээр одоо 11-р ангийн сурагч ба төрсөн гэртээ эцэг эхтэйгээ амьдарч байгаа. Гэхдээ түүний нөхөр цагдаагийн алба хаагч болох шалгалтаа амжилттай өгөөд, ажилд орвол Приянка нөхрийндөө амьдрах болох аж.

Тэр гэрээсээ явах өдөр хэзээ ирэх бол хэмээн дотроо айдас тээсээр буй. Приянка гунигт мэдрэмжээ өдрийн тэмдэглэлдээ буулгадаг байна. Бүхий л нууцыг нь хадгалдаг дэвтэртээ тэрбээр “Намайг гэрлэлтийн хүлээсэнд битгий оруулаач. Би хэтэрхий жаахан байна. Би хүүхэлдэйгээ үлдээгээд, хадмынх гэдэг айл рүү явмааргүй байна” гэж бичжээ.

Приянкагийн үеэл нь гоо сайхны салонд ажиллахаар суралцаж байсан ч түүний нөхрийн дүүтэй гэрлэснээр хүссэн ажлаа хийж чадахгүй болжээ. Тиймээс Приянка үеэлийнх шигээ биш өөр амьдралыг хүсэмжилнэ.

“БИД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛТЛЭЭ ГЭРЛЭХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ”

МинакшиМинакшиМинакши өнгөрсөн жил 11-р ангид орсон ба сургуульдаа шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар элссэн анхны эмэгтэй сурагч байв.

Гэхдээ цар тахал тархаж, хөл хорио тогтоосноос хүмүүс сая саяараа ажилгүй болж, төрөлх тосгон руугаа буцах болжээ. Энэ үед охидынхоо ирээдүйд санаа зовох болсон эцэг эхчүүд тэднийг хүчээр гэрлүүлэх шийдвэрийг гаргах нь ихэссэн байна.

Яг энэ үед Минакшигийн ангийн охид ээлж дараалан хүний эхнэр болцгоожээ. Минакши дотроо “Тэдний нэг болохгүй тэсэх юм шүү. Хэдэн насанд хүний эхнэр болох нь зөв гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ бид мөрөөдлөө биелүүлтлээ хүнтэй гэрлэхгүй байх эрхтэй” гэж бодож байсан тухайгаа ярьжээ.

Гэсэн хэдий ч хоёрдугаар сарын 5-нд тэрбээр насанд хүрээгүй гэрлэсэн охидын тоог нэгээр нэмж, тэдний нэг болсон юм.

Түүнийг ярьж суухуйд утсанд нь 16 настай нөхрөөс нь зурвас ирсээр байх аж. Түүний нөхөр бас сурагч бөгөөд  Минакши хүссэн мэдлэгээ олж автлаа суралцах боломжийг хадам аав, ээж нь олгоосой гэж дотроо итгэнэ.

ТЭР БАНКНЫ АЖИЛТАН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Шивани ШиваниШивани сургуулийнхаа тухай ярихад нүүрэнд нь мишээл тодорно. Тэр суралцах маш их дуртай бөгөөд ирээдүйд банкны ажилтан болохыг мөрөөддөг. Гэхдээ ээж нь түүнд хуримын зургийн цомгоо үзүүлэхэд Шивани бодит байдалтай нүүр тулах ёстойгоо ойлгов.

Шивани болон түүний эгч Ашу хоёр хуримаа нэг өдөр хийж, гэрлэлтээ батлуулжээ. Ашу сургуулиа төгсөөд хуулийн чиглэлээр мэргэшихийг хүсдэг байв. Гэхдээ тэр жирэмсэн болсноор сургуулиа орхисон бөгөөд энэ оны эхээр амаржжээ.

Эгэл тосгоны амьдрал үргэлжилсээр, Приянка, Минакши, Шивани гурав хүнтэй гэрлэх дарамт хүлээхгүйгээр амьдарч буй Мону найзтайгаа уулзав.

Тэд хамтдаа дугуй унаж, хурдлан хурдлан жийх тусам охид гунигаа мартан инээлдэж байлаа.

Эх сурвалж: BBC

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`