Хар нүхний зургийг анх удаа авав

2022-04-10 415 0

Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 10-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1815 оны дөрөвдүгээр сарын 10. Галт уулын өвөл эхлэв

Индонез улсын Сумбава арал дээрх Тамбора галт уул 1812 оноос дэлбэрч эхэлсэн ба 1815 оны дөрөвдүгээр сарын 10-нд дээд цэгтээ хүрч оргилжээ.

Уг гамшиг дэлхийн түүхэд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн хүчтэй дэлбэрэлт байсан бөгөөд 160 куб.метр чулуу, хайлмагийг агаарт цацаж 71 мянган хүний аминд хүрсэн.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам агаарт тархаж, нарыг халхлан дэлхийн температурыг бууруулсан бөгөөд 1816 онд зун болоогүй аж. Энэ үзэгдлийг галт уулын өвөл хэмээдэг.

1972 оны дөрөвдүгээр сарын 10. Биологийн зэвсгийг хориглов

Биологийн хорт зэвсгийг хориглох Биологийн зэвсгийн тухай конвенцыг 1972 оны дөрөвдүгээр сарын 10-нд баталжээ.

Энэ төрлийн зэвсгийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, бусдад худалдах, шилжүүлэх, ашиглах, нөөцлөхийг хориглосон уг гэрээнд дэлхийн 109 орон гарын үсэг зурсан байна.

Биологийн зэвсгийн тухай конвенц нь үй олноор хөнөөх зэвсгийн төрлийг бүхэлд нь хориглосон анхны олон улсын гэрээ юм.

2019 оны дөрөвдүгээр сарын 10. Хар нүхний зургийг анх удаа авав

“Event Horizon Telescope” төслийн ачаар хүн төрөлхтөн 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд түүхдээ анх удаа хар нүхний зургийг авч баталгаажуулсан.

Дэлхийн олон оронд байршуулсан телескоп, 200 гаруй эрдэмтдийг хамруулсан уг судалгаагаар 50 сая гэрлийн жилийн алсад байрлах “Messier 87” галактикийн хар нүхийг харуулсан байна.

Хар нүхний жин 6.5 тэрбум нартай тэнцэх бөгөөд үүнээс өмнө эрдэмтэд хар нүхний төрхийг бүрэн нотолж чаддаггүй байв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`