Жүдо бөхийн Антальягийн их дуулга тэмцээн Турк улсын Анталья хотод өнөөдөр эхэлсэн. Тэмцээнийг Монголын шигшээ багийн 18 тамирчин зорьсноос эхний өдөр найман бөх зодоглолоо.
Үүнээс эмэгтэй -48 кг жинд зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул финалд шалгарсан бөгөөд Г.Наранцэцэг алтан медаль Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.
Парисаас мөнгө, Тель Авиваас хүрэл медаль хүртсэн Б.Баасанхүү гурав дахь их дуулгадаа дараалан медаль авав.
Харин эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны Сардор Нуриллаевт ялагдаж тавдугаар байр эзэллээ.
Мөн эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Италийн Одетте Жиуффридад ялагдаж тавдугаар байр эзлэв.
- Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн эхний шатанд Унгарын Китти Ковакст ялагдав.
- Эрэгтэй -60 кг жинд С.Бямбасүрэн эхний шатанд Тайванийн Юн Вей Яанд ялагдав.
- Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд хоёрдугаар шатанд Испанийн Франчиско Гарригост ялагдав.
- Эрэгтэй -66 кг жинд Г.Хэрлэн эхний шатанд Молдавын Раду Изворинуд ялагдав.
Эх сурвалж: IJF