add_action('wp_head', function(){echo '';}, 1); Японы бэйсболын тамирчин АНУ-ын лигийн түүхэнд хамгийн том дүнтэй гэрээ байгууллаа

Японы бэйсболын тамирчин АНУ-ын лигийн түүхэнд хамгийн том дүнтэй гэрээ байгууллаа

2023-12-11 106 1

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Японы мэргэжлийн бэйсболын тамирчин Шохэй Отани энэ спортын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гэрээг Лос-Анжелес хотын LA Dodgers клубтэй байгуулжээ.

Одоо 29 настай Отани ирэх 10 жилийн хугацаанд тус клубт $700 саяар тоглохоор болж байна.

Үүнээс өмнө 2019 онд Майк Труттэй байгуулсан 12 жилийн $426.5 саяын гэрээ АНУ-ын MLB (Major League Baseball) лигийн түүхэнд хамгийн томд тооцогдож байсан юм.

Отанийг мэргэжилтнүүд бүх цаг үеийн хамгийн шилдэг бэйсболын тамирчин гэж үзэж байгаа.

Өнгөрсөн сард тэр 2021 оноос хойш хоёр дахь удаагаа хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Ингэхдээ тэр хоёуланд нь 100 хувийн санал авсан нь MLB-ийн түүхэнд байгаагүй үзэгдэл болсон юм.

Отани 18 настайдаа Японы Nippon Ham Figthers клубээс бэйсболын замналаа эхэлж байжээ. Түүнийг одоо Японы спортын хамгийн том экспорт гэж үнэлж байна.

Бэйсболын ур чадвараасаа гадна элдэв дуулианд холбогддоггүй нэр цэвэр байдал, нийгмийн идэвхтэй амьдрал нь түүнийг улам бүр од болгож байгаа.

Японы бэйсболын талаар хэд хэдэн ном бичсэн Роберт Уайтинг “Отани архи уудаггүй, тамхи татдаггүй, мөнгөнд шунадаггүй нь түүний өвөрмөц, сэтгэл татам чанарын нэг хэсэг юм. Энэ спортод алдаршсан олон хүн мөнгө, нэр хүндэд автдаг бол тэр сахил хүртсэн дайчин санваартан мэт зөвхөн хамгийн шилдэг бэйсболчин болохыг л боддог” гэж ярьжээ.

Спортын орлогоос гадна Отанийг зар сурталчилгааны орлого улам баяжуулж байгаа.

2021 онд түүний энэ төрлийн орлого $6 сая байсан бол энэ онд $35 сая болж өссөн тухай Форбс сэтгүүл мэдээлсэн байдаг.

Үүн дээр цалин хөлсийг нь нэмбэл Отани 2023 онд $65 орчим саяын орлого олсон нь бас л MLB-ийн дээд амжилт юм.

Кансай их сургуулийн эдийн засагч Кацухиро Миямото түүний 2023 оны эдийн засгийн нөлөөг 50.4 тэрбум иен ($342 сая) гэж тооцоолжээ.

“Хувь тамирчин ийм хэмжээний эдийн засгийн нөлөө үүсгэж байгаа нь урьд өмнө сонсогдоогүй амжилт юм” гэж Миямото ярьсан байна.

Японы шилдэг бэйсболын тамирчид сүүлийн 30 орчим жилийн турш АНУ-д тоглож байгаа.

1995 онд Торнадо хочит Хидео Номо MLB-д очсон анхны япон тамирчин болсон юм.

Шилдэг бэйсболчдоо АНУ-ын лигт алдаж байгаагийн гол хохирогч Японы NPB (Nippon Professional Baseball) лиг болж байгаа.

Үүнд эдийн засгийн үр ашиг голлон нөлөөлж байгааг мэргэжилтнүүд баталдаг.

1990-ээд оны үед хоёр улсын лигийн орлого ижил түвшинд байжээ. Харин одоо MLB лигийн жилийн орлого $10 тэрбум болсон бол NPB лигийнх $2 тэрбум хүрэхгүй хэмжээнд байна.

“АНУ-д бэйсболын клубийг бүхэлд нь бизнес гэж үздэг бол Японы компаниуд худалдаж авсан багаа өөрсдийгөө сурталчлуулахад л ашиглаад клубийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаггүй” гэж нэг судлаач дүгнэжээ.

Эдийн засгийн энэ давуу тал орон орны тамирчдыг АНУ-д татаж байгаа.

2023 оны улирлын тоглолтын эхний өдрийн байдлаар MLB-ийн шилдэг тоглогчдын 28.5 хувь нь гадаадад төрсөн тамирчид байжээ.

Тэдний дотор Отанигаас гадна Доминиканы Бүгд Найрамдах Улс, Куба, Венесуэлийн шилдгүүд багтаж байна.

 

Эх сурвалж: BBC

“Японы бэйсболын тамирчин АНУ-ын лигийн түүхэнд хамгийн том дүнтэй гэрээ байгууллаа”-д нэг хариулт

  1. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`