
Сүүлийн үед залуусын дунд түгээмэл хэрэглээ болоод байгаа электрон тамхины асуудлаар “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Тус холбооны Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Цогт-Очир хэлэхдээ “Электрон тамхийг өнөөдрийн байдлаар таван компани МУ-д импортлон оруулж ирж байна. Уг тамхийг хэрэглэдэг манай улсын 110 мянган хүн байгаа гэсэн судалгаа байна.
Электрон тамхийг анх 2003 онд уушгины хорт хавдраар аавыгаа алдсан хүн бүтээж, патентжуулсан байна. Дэлхийн хэмжээнд 161 улс уг тамхийг хэрэглэж байгаагаас 110 улс нь албан ёсоор зөвшөөрсөн байна.
2021 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын шаардлагын дагуу уг тамхийг “Цахилгаан тамхи” гэх нэршлээр импортолж байгаа бөгөөд холбогдох бүх татваруудыг төлж байгаа. Уг тамхийг шинжлүүлэхээр Мэргэжлийн хяналтын газрын лабораторит өгөхөд “Бохь агуулаагүй, хүнд металийг шинжлэх лаборатори манай улсад байхгүй, никотин зохих хэмжээнд байна” гэсэн шинжилгээний дүнг МХЕГ-аас гаргасан. Иймээс бид Олон улсын итгэмжлэгдсэн лабораторит хандсан ба “хүнд металийн агууламж янжуур тамхиныхаас 10-20 дахин бага байна” гэсэн дүн гарсан.
Электрон тамхины талаар одоогоор хуулийн зохицуулалт байхгүй ч бид электрон тамхийг зарж борлуулахдаа 21 насанд хүрээгүй хүнд зарж борлуулахгүй гэсэн шаардлагыг тавьж, бичиг баримтыг нь шалгаж, борлуулж байгаа. Мөн ЕБС-ийн ойролцоо буюу 500 метрийн зайд байгаа дэлгүүрүүдээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татах ажлыг энэ сарын 11-ний өдрөөс зохион байгуулж байгаа. Хорт зуршилгүй ирээдүйг бүтээхийн тулд энэ уриалгыг дэлгүүрүүд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.