
Гэрийн тэжээвэр амьтнаа байнга уявал амьтны эсрэг хүчирхийлэл гэж авч үзнэ.
Иргэн цахим хуудсанд “Нохой бол хамгаалалтын компани биш” гэх агуулгатай бичлэг нийтэлсэн. Уг бичлэгт нохойг хөдөлгөөн хязгаарлагдмал байдлаар уясан байв. Энэ дагуу амьтанд хайртай хүмүүсийн нэгдэл “Азтай савар” ТББ-аас арга хэмжээ авч, нохойг суллуулжээ.
Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтантай зүй бус харьцсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг болсон.
Тодруулбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 8-нд баталсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн билээ. Энэ хууль нь 9 бүлэг 41 зүйлтэй бөгөөд энэ хуулиар гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох харилцааг зохицуулна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн үүрэг хариуцлага нэмэгдэж, нийтийн эрүүл мэнд, иргэдийн аюулгүй байдал хамгаалагдахаас гадна нохой, муурын хяналтгүй үржүүлэг багасаж, эзэнгүй амьтны тоо толгой буурах, нохой, мууртай харгис хэрцгий хандсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болох эрх зүйн орчин бүрдсэн.

