
Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын Үнэлгээний Төвд/БҮТ/ хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.
“Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж, 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна” хэмээн Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Элсэлтийн Ерөнхий Шалгалтад/ЭЕШ/ оролцох 33,138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж, 13-ны өдөр БҮТ-ийн цахим хуудсанд байршуулжээ.
Монгол хэл бичгийн шалгалт:
- 1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар
- 2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар
- 3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эссе бичих даалгавар байв.
Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй таван мянган шалгуулагч байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол 2022.05.07-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдаж байна.