add_action('wp_head', function(){echo '';}, 1); Папарацци нарт хөөгдсөн хунтайж Харри, Меган нар осолдох шахсан тухай төлөөлөгч нь мэдээлжээ

Папарацци нарт хөөгдсөн хунтайж Харри, Меган нар осолдох шахсан тухай төлөөлөгч нь мэдээлжээ

2023-05-18 301 0

Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар Нью-Йорк хотод болсон шагнал гардуулах ёслолд оролцоод буцаж явахдаа папарацци нарт хөөгдөж, зам тээврийн осолд орох дөхсөн тухай тэдний төлөөлөгч Лхагва гарагт мэдээлжээ.

Тухайлбал цонхны шилийг нь харлуулсан хэд хэдэн автомашинтай папарацци нар маш түрэмгий үйлдэл гаргасны улмаас хунтайжийн гэр бүлийг ноцтой эрсдэлд оруулсныг мэдээлсэн байна.

“Хоёр цаг үргэлжилсэн хөөцөлдөөний үеэр замд тааралдсан хэд хэдэн автомашин, явган зорчигч, Нью-Йоркийн цагдаагийн газрын хоёр албан хаагч мөргүүлэхэд тун ойрхон өнгөрсөн” бөгөөд хос хоёрын хувьд бага зэрэг доргисноос өөр гэмтэл учраагүйг хунтайж Харригийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Нью-Йорк хотын цагдаагийн газрын төлөөлөгч уг үйл явдлыг тийм ноцтой биш гэж үзэж байгаагаа өчигдөр бас илэрхийлсэн байна.

“Тэднийг тээвэрлэхэд хүндрэл учруулсан олон гэрэл зурагчид байсан. Гэхдээ Сассексийн гүн, гүнгийн авхай нар зорьсон газраа хүрсэн бөгөөд мөргөлдөөн, осол эндэгдэл, баривчилгаа болсон талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна” гэж Нью-Йоркийн цагдаагийн газрын төлөөлөгч Жулиан Филиппс хэлжээ.

Харри, Меган нарт үйлчилсэн таксины жолооч Сукчарн Сингх “Би үүнийг хөөцөлдөөн байсан гэж хэлэхгүй. Надад аюулд орсон юм шиг мэдрэмж төрөөгүй. Кинон дээр гардаг шиг хөөцөлдөөн болоогүй. Хос хоёр айсан байдалтай чимээгүй сууж байсан. Гэхдээ Нью-Йорк бол аюулгүй хот шүү дээ” гэж ярьсныг Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.

Бие хамгаалагч нь хос хоёрыг папарацци нараас зугтаалгахын тулд замын дундаас таксинд шилжүүлэн суулгаж байжээ. Харри, Меган нартай Меганы ээж хамт явсан юм байна.

Харин хосын хамгаалалтын багийн гишүүн Крис Санчес ярихдаа нөхцөл байдал үнэхээр эрсдэлтэй байсныг CNN агентлагт батлан ярьжээ.

“Би ийм зүйлтэй өмнө нь тохиолдож байгаагүй. Маш ноцтой асуудалтай бид тулгарсан. Арав орчим автомашин, скүүтер, дугуйгаар дагаж зураг авч байсан” гэж тэр ярьсан байна.

Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс энэ явдлын үеэр цагдаагийн хоёр албан хаагч осолдох эрсдэлд ойрхон байсан тухай албаны илтгэлээс сонссоноо ярьжээ.

“Түүний ээж хэрхэн амиа алдсаныг бид мартаагүй байгаа. Ийм эмх замбараагүй явдлын улмаас хос хоёроос гадна замын хөдөлгөөнд оролцож байсан жирийн нэгэн ч эрүүл мэнд, амь насаараа хохирох боломжтой” гэж Адамс сэтгүүлчидтэй уулзахдаа анхааруулсан байна.

Гэхдээ тэр хөөцөлдөөн хоёр цаг үргэлжлээгүй, 10 минут орчим үргэлжилсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаасаа авсныг энэ үеэр мэдээлжээ.

“10 минут байсан ч энэ нь Нью-Йорк шиг том хотын хувьд маш аюултай үйлдэл” гэж тэр хэлсэн байна.

Хунтайж Харригийн ээж Диана гүнж 1997 онд Парис хотын хурдны зам дээр папарацци нараас зугтаж яваад осолдсон юм.

Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байнга зөрчилдөж байдаг. 2020 онд язгууртны хэргэмээсээ татгалзаж, АНУ-д амьдрах шийдвэр гаргасан нь Британийн хэвлэлүүдийн увайгүй халдлага дайралттай шууд холбоотойг Харри дурсамж, ярилцлагууддаа хэд хэдэн удаа тайлбарлаж байв.

Одоо ч хунтайж болон хэвлэлүүдийн хооронд үүссэн хэд хэдэн маргаан Лондон хотын шүүх дээр нээлттэй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`