
Өмнөд Солонгосын хамгийн том компани Самсунг Электроникс зургаадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цөөн ажлын өдөртэй долоо хоногт хэсэгчлэн шилжихээр болжээ.
Энэ өдрөөс хойш тус компанийн 120,000 үндсэн ажилтан сар бүрийн сүүлчийн долоо хоногийн Баасан гарагт амарч байх юм байна.
Өөрөөр хэлбэл сар бүрийн сүүлчийн долоо хоног дөрвөн ажлын өдөртэй байхаар болжээ.
Шинэ системд үйлдвэрийн ээлжийн ажилчид хамрагдахгүй юм байна.
Самсунг компанийн удирдлага өнгөрсөн дөрөвдүгээр сард үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй тохиролцсоны дагуу богиносгосон ажлын өдөртэй долоо хоногт шилжихээр болжээ.
Гэхдээ Самсунгийн энэ шийдвэр Өмнөд Солонгосын томоохон компаниудын хувьд анхных биш гэнэ.
Тухайлбал SK группийн ажилтнууд сар бүрийн зарим Баасан гарагт амардаг болоод удаж байгаа юм байна.
“SK Holdings, SK Hynix, SK Telecom компаниуд энэ тал дээр өөр бодлого баримталж байгаа. Харин бусад салбар компаниудын ажилтнууд хоёр болон дөрвөн долоо хоног тутмын нэг Баасан гарагт амардаг болсон” гэж тус группийн төлөөлөгч мэдээлжээ.
Самсунгийн шийдвэр нь ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах зорилгогүй, харин ажлаа эрт дуусгах сэдэл өгөх зорилготой гэж албаны эх сурвалж тайлбарласан байна.
Хүний нөөцийнх нь 80 хувь үйлдвэрт ажилладаг Hyundai Motor компани одоогоор богиносгосон ажлын өдөртэй долоо хоногт шилжих төлөвлөгөөгүй байгаа гэнэ.
Иргэд нь илүү цагаар, өндөр ачаалалтай ажилладгаараа алдартай Өмнөд Солонгосын нийгэм сүүлийн үед өөрчлөгдөх болсон. Ялангуяа шинэ залуу үеийнхэн ажил-амьдралын тэнцвэрийг хангахад илүү их анхаарал тавьдаг болсон байна.
Deloitte Group-ийн өнгөрсөн сард нийтлүүлсэн судалгааны үр дүнгээс харвал цар тахлын үеэр залуу үеийнхний ажил-амьдралын тэнцвэрийн талаар сэтгэл ханамж дээшилсэн нь зайнаас ажиллах горимтой холбоотой байжээ.
Тухайлбал дэлхийн 44 улсын 20,000 залуу ажилтнаас авсан судалгаанд оролцогчдын 34 хувийнх нь цар тахлын эхний жилийн сэтгэл ханамж 2019 оныхтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Korea Times