Иранд толгойдоо алчуур зүүлгүй явсан эмэгтэйчүүд халдлагад өртсөн ч баривчлагдав

2023-04-02 303 0

Иран даяар хижаб буюу эмэгтэйчүүдийн толгойн өмсгөлийг эсэргүүцсэн тэмцэл хагас жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа билээ.

Хэдийгээр шашны хуулийн дагуу бүсгүйчүүд олон нийтийн газарт үсээ алчуураар халхалж явах дүрэмтэй ч өнөөдөр Ираны том хотуудад бараг хэрэгжихгүй байгаа.

Гэвч саяхан алчуургүй дэлгүүрт үйлчлүүлж байсан ээж охин хоёр халдлагад өртсөнийг харуулсан дүрс бичлэг Ираны сошиал орчинд тарсан юм.

Нэг эрэгтэй тэдэнтэй ярилцаж байснаа дэлгүүрийн лангуунаас савтай тараг аваад эмэгтэйчүүдийн толгой дээрээс асгасан байна.

Дэлгүүрийн худалдагч танхайрсан эрэгтэйг хөөж байгаа нь бичлэгт үлджээ.

Ираны хуулийн байгууллага халдлага үйлдсэн, халдлагад өртсөн гурван хүнийг бүгдийг нь баривчлах шийдвэр гаргасан тухай Мизан агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Халдлага үйлдэгчийг нийгмийн хэв журам зөрчсөн гэж буруутгасан бол хоёр эмэгтэйг олон нийтийн газарт толгойгоо халхалж яваагүй гэж буруутгажээ.

Мөн дэлгүүрийн эзэнд “үйлчлүүлэгчдэд хууль сахих шаардлага өгөөгүй” гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард толгойдоо өмсгөлгүй явсны улмаас цагдаагийн хэсэгт саатуулагдсан 22 настай эмэгтэй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсаны дараа Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж байв.

Сошиал орчинд тарсан дүрс бичлэгтэй холбоотой маргаанд Ираны ерөнхийлөгч хүртэл оролцсон байна.

Өчигдөр хэвлэлд ярихдаа ерөнхийлөгч Эбрахим Раиси “хижаб бол шашны уламжлалын дагуу иран эмэгтэй бүр зүүх ёстой өмсгөл юм” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: BBC

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`