
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр “Өрийн дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадлаа. Монгол Улс анх удаа нүүрсээ өндөр нөхцөлөөр борлуулж эхлээд байна. Төлбөрийн тэнцэл 79.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч өслөө.
Эдийн засгийн өсөлт 2023 онд зургаан хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаа. Энэ оны эцэс гэхэд төлөвлөсөн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрэн хүрэх хүлээлттэй болж байна. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарал хандуулан төрөлжүүлэх, эдийн засгийн дархлааг бий болгох нь чухал.
2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.доллар, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэж, эдийн засаг 6.5 хувиар өсөж тогтворжих зорилт хүлээлттэй байна” хэмээв.